АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ОХУ-ын эдийн засагт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ хориг арга хэмжээ болон Тарифын тухай хуулийг Лхагва гаригт (2026.09.16) баталжээ. Уг хуулийг ерөнхийлөгч Дональд Трампад гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгохоор шилжүүлсэн байна.
“Lindsey O. Graham Sanctioning Russia and Iran Act of 2026” нэртэй уг хуулийг өнгөрсөн сард Сенат баталсан. Харин Төлөөлөгчдийн танхим 262 гишүүний дэмжлэг, 159 гишүүний эсэргүүцэлтэйгээр баталжээ. Санал хураалтаар 58 Ардчилсан намын гишүүн намынхаа удирдлагын байр суурийг зөрчин байж уг хуулийг дэмжсэн байна.
Уг хуулиар ОХУ-ын эрчим хүч, батлан хамгаалахын салбар, мөн одоо мөрдөж буй хоригийг тойрон өнгөрөхөд ашиглагддаг “сүүдрийн флот”-д чиглэсэн хориг арга хэмжээг нэмэгдүүлэх болсон.
Гол зорилго нь дайнд зарцуулж буй ОХУ-ын эрчим хүчний орлогоос боссон хөрөнгийг бууруулах юм.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков АНУ-ын шинэ хориг арга хэмжээ нь Украинд энх тайван тогтоох хэлэлцээг улам хүндрүүлнэ гэж мэдэгджээ. Тэрбээр Пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, уг хуулийн төслийг Москва анхааралтай ажиглаж байгаа бөгөөд АНУ-ын нэмэлт хориг нь Украины асуудлаар энх тайван тогтоох хүчин чармайлтад хүндрэл учруулна гэж хэлсэн байна.
Хуулийн төслийг Ардчилсан намын зарим гишүүн эсэргүүцсэн. Учир нь уг хуульд ОХУ-аас газрын тос, хий импортолдог Хятад, Энэтхэг зэрэг орнуудад 100 хүртэлх хувийн өндөр тариф ногдуулах эрхийг ерөнхийлөгчид олгохоор тусгажээ.
Ардчилсан намын гишүүдийн үзэж байгаагаар ерөнхийлөгч Трамп одоо ч ОХУ-д хориг тавих хангалттай эрх мэдлийг атгаж байгаа. Мөн хориг арга хэмжээг “үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй” гэж үзвэл ерөнхийлөгч хэрэгжүүлэхгүй байх өргөн боломжийг шинэ хууль олгож байна гэж шүүмжилжээ.
Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын тэргүүн Хаким Жеффрис уг хуулийг олон цоорхойтой гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хориг арга хэмжээ хэрэгжихгүй үлдэх эрсдэлтэй гэж мэдэгдсэн байна.
Харин хуулийг дэмжигчид уг арга хэмжээ нь АНУ Украинд дэмжлэг үзүүлсээр байгааг ОХУ болон олон улсад харуулах чухал дохио болно гэж үзжээ. Мөн эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлснээр Москваг хэлэлцээрийн ширээний ард суухад түлхэц өгнө гэж тэд тайлбарласан байна.
