Номхон далайн арлын Фижи улс ХДХВ-ийн халдварын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор үндэсний хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлалаа. Тус улсын Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний сайд Рату Атонио Лалабалаву энэ талаар мэдэгдэж, ХДХВ-ийн тархалт “тахлын хэмжээнд” хүрсэн тул яаралтай, нэгдсэн арга хэмжээ авах шаардлагатай болсон гэжээ.
Фижийн Засгийн газрын тооцооллоор одоо насанд хүрсэн 60 хүн тутмын нэг нь ХДХВ-ийн халдвартай байна. Таван жилийн өмнө энэ үзүүлэлт 167 хүн тутмын нэг байжээ.
Мөн 2025 онд тус улсад ХДХВ-ийн 2060 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол жирэмсэн 50 эмэгтэй тутмын нэг нь халдвартай байгаа аж.
НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хөтөлбөрийн (UNAIDS) мэдээлснээр, Фижи улс нь ХДХВ-ийн шинэ халдвар хамгийн хурдацтай нэмэгдэж буй орнуудын нэг болжээ. Тухайлбал, 2010-2025 оны хооронд шинэ халдварын тоо 12 дахин өссөн байна.
Мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа нь халдварын тархалтыг хурдасгаж буй гол хүчин зүйлсийн нэг гэж үзэж байна. Ялангуяа метамфетамины хэрэглээ нэмэгдэж, халдваргүйжүүлээгүй зүү тариур ашиглах тохиолдол гарч байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлжээ.
Халдвар дамжсан хувилбаруудын талаас илүү хувь нь бэлгийн замаар дамжиж байна. Мөн 42 гаруй хувь нь тариурыг өөр хоорондоо дамжуулан мансууруулах бодис хэрэглэсэнтэй холбоотой байна.
Фижид 2025 оны байдлаар ойролцоогоор 9100 хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байсан. Гэхдээ тэдний ердөө 39 хувь нь халдвартай гэдгээ мэдэж байжээ. Харин зөвхөн 22 хувь нь вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байсан байна.
Тус улс нөхцөл байдлыг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, хариу арга хэмжээгээ эрчимжүүлж байгааг НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хөтөлбөрийн тэргүүн Винни Бьянима сайшаажээ.
Фижийн засгийн газар халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн ХДХВ-ийн шинжилгээ, урьдчилан сэргийлэлт болон эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
