ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 18 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохыг Ираны өндөр албан тушаалтнуудад зөвшөөрнө гэж АНУ-ын Төрийн департамент пүрэв гарагт мэдэгджээ. Хоёр улсын хооронд мөргөлдөөн үргэлжилж буй үед, түүнчлэн мөргөлдөөнийг зогсоох зорилгоор талууд үе үе хэлэлцээ хийж буй үед эл шийдвэрийг гаргаж байна.
НҮБ-ын төв байр оршдог улсын хувьд АНУ хүлээсэн үүргийнхээ дагуу “Ираны дэглэмийн төлөөлөгчдийг” чуулганд оролцохыг зөвшөөрнө гэж Төрийн департаментын төлөөлөгч мэдэгджээ.
Ингэснээр Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Гадаад хэргийн сайд Аббас Арагчи зэрэг албан тушаалтнуудад виз олгоно гэж дээрх шийдвэрийн талаар мэдээлэлтэй эх сурвалж мэдээлсэн байна.
Д.Трампын засаг захиргаа хоёрдугаар сарын 28-нд Израилтай хамтран Иранд цохилт өгснөөр эхэлсэн дайныг зогсоох зорилгоор Ираны удирдагчидтай үе үе хэлэлцээ хийж ирсэн юм. Хариуд нь Ираны тал Израил, АНУ-ын цэргийн баазууд байрладаг Булангийн орнууд руу цохилт өгсөн.
“Ираны төлөөлөгчдөд зорчих хязгаарлалт үйлчилнэ. Мөн манай улсын бодлогын дагуу тансаг зэрэглэлийн болон бусад бараа бүтээгдэхүүн худалдан авахыг хориглоно. Мөн энэ удаагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өнгөрсөн жилийнхээс цөөн байна” гэж Төрийн департаментын төлөөлөгч нэмж дурджээ.
Өмнө нь АНУ-ын засаг захиргаа Ираны төлөөлөгчдийг дэлгүүр хэсэхийг хориглож, тэдний зорчих хөдөлгөөнийг НҮБ-ын төв байр, НҮБ-д дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-д суугаа Элчин сайдын өргөө болон Нью-Йорк хот дахь Жон Ф.Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудлын хооронд хязгаарлаж байсан юм.
Ираны Гадаад хэргийн яам одоогоор тайлбар өгөөгүй байна.
