“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 33 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хөдөө аж ахуйн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн болон төслийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Хөдөө аж ахуйн тухай хуулиар төрөөс хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх бодлогын дэмжлэгтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах бол Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлага, зохион байгуулалт, засаглалыг сайжруулах, хяналтыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Харин Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн  газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар Монгол Улс,  Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг, Зээлийн болон төслийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк  хооронд байгуулсан  “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг тус тус соёрхон баталсан.

Түүнчлэн эмхэтгэлийн тус  дугаарт “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн. Тухайлбал, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг баталсантай холбогдуулан төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийг Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх, хуульд заасан шаардлагад нийцүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу байгуулагдсан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах зохион байгуулалтын арга хэмжээг авах, дүнг нэгтгэн танилцуулахыг Засгийн газарт даалгажээ. Мөн “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Байнгын хороодын дарга нарт тус тус даалгасан. Харин “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолоор Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл, “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2026 оны гүйцэтгэл, 2027 оны төсвийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Дулаан хангамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  зэрэг 35 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн