Германы канцлер Фридрих Мерц өчигдөр (2026.02.24) Хятад улсад хоёр өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Тэрбээр канцлер болсноосоо хойш Хятадад анх удаа албан ёсоор айлчилж байна. Энэхүү айлчлал нь канцлер асан Ангела Меркелийн үеийн айлчлалуудаас өөр нөхцөл дор болж байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Меркелийн үед дэлхийн эдийн засаг илүү нээлттэй, хамтын ажиллагаа идэвхтэй байсан бөгөөд Герман улс Бээжинтэй олон том гэрээ байгуулдаг байв. Харин одоо Мерц барууны орнуудын улс төрийн шахалт болон Германы компаниуд Хятадаас ихээхэн хамааралтай байгаа байдлын хооронд тэнцвэр олох шаардлагатай тулгарсан. Германы эдийн засгийн гол салбар болох автомашин үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд байр сууриа алдаж байна.
Хятадын цахилгаан автомашин болон өндөр технологийн компаниуд Германы бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нь шахаж, Европт ч өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж буй.
2025 оны сүүлийн мэдээллээр Хятад улс дахин Германы хамгийн том худалдааны түнш болсон. Гэхдээ Германы хувьд худалдааны тэнцэл сөрөг гарч, Хятадаас илүү их бараа импортолж байгаа нь барууны холбоотон орнуудын дарамтыг нэмэгдүүлнэ гэж санаа зовоож байна. Мөн Герман улс “ногоон шилжилт”-д хэрэгтэй чухал бүтээгдэхүүнүүд болох нарны зай хураагуур, лити батарейг Хятадаас их хэмжээгээр импортолж байна. Энэ нь Европын эрчим хүчний аюулгүй байдлыг Хятадаас хамааралтай болгож байгаа үйлдэл гэж шинжээчид дүгнэдэг. Бээжинд хийх уулзалтуудын үеэр Мерц “эрсдэлийг бууруулах” бодлогыг урагшлуулах төлөвтэй байна.
Энэ бодлого нь Хятадтай харилцах харилцаагаа бүрэн таслахгүйгээр, нэг улсаас хэт хамааралтай байдлыг багасгах зорилготой юм.