БУДАПЕШТ, 2026 оны есдүгээр сарын 16 /Kazinform/. Унгарын нийслэл Будапешт хотноо болсон Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны Зөвлөлийн 242 дахь удаагиийн хурлаар 2029 болон 2031 оны Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулахаар хотуудаар Найроби, Мюнхенийг тус тус сонгожээ. 

Кенийн нийслэл Найроби 2029 оны тэмцээнийг зохион байгуулах хотоор сонгогдсоноор хөнгөн атлетикийн ДАШТ Африк тивд анх удаа болно. Харин Германд уг тэмцээнийг дахин зохион байгуулах ба, 2031 оны ДАШТ Мюнхен хотын алдарт Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно. 

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу энэ удаагийн сонгон шалгаруулалт тэмцээний түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй байсныг дурдаад, тус хоёр хот хоёул “тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадна” гэдгээ танилцуулсан гэж онцолжээ. 

Найроби нь хөнгөн атлетикийн олон улсын тэмцээн зохион байгуулж байсан арвин туршлагатай. Тус хотод 2017 оны 18 хүртэлх насны ДАШТ, 2021 оны 20 хүртэлх насны ДАШТ-ийг тус тус зохион байгуулж байв. Тэмцээнийг зохион байгуулах тус хотын мэдүүлэгт 2027 оны Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээний өмнө томоохон шинэчлэл хийж буй “Касарани” цэнгэлдэх хүрээлэнг засварлах ажил багтжээ.

Бүгд Найрамдах Кени Улс бол хөнгөн атлетикаараа дэлхийд тэргүүлдэг улс бөгөөд ДАШТ-ий түүхэнд амжилтаараа хоёрдугаарт бичигддэг. Кенийн тамирчид Японы нийслэл Токио хотод болсон 2025 оны ДАШТ-ээс долоон алтан медаль, нийт 11 медаль хүртсэн юм.

Мюнхен хот анх удаа хөнгөн атлетикийн ДАШТ-ийг зохион байгуулах бөгөөд 2009 онд Берлинд болсон тэмцээнээс хойш уг тэмцээнийг Германд дахин зохион байгуулах гэж байна. Мюнхений Олимпын цэнгэлдэх хүрээлэн нь 2022 оны Европын аварга шалгаруулах тэмцээний гол байгууламж байсан бөгөөд тухайн үеэр тэмцээнийг 267 мянга орчим хүн үзжээ.

Тус хотын дэвшүүлсэн саналд тогтвортой хөгжлийн асуудлыг онцолж, хотын Олимпын цэцэрлэгт хүрээлэнд хөнгөн атлетикийг урлаг, соёлтой хослуулахад анхаарсан байна. 

2027 оны хөнгөн атлетикийн ДАШТ есдүгээр сарын 10-19-нд Хятадын нийслэл Бээжин хотод болно. Найроби, Мюнхен хотуудад болох 2029, 2031 оны тэмцээнүүдийг мөн есдүгээр сард зохион байгуулахаар товложээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн