АНКАРА, 2026 оны есдүгээр сарын 11 /Anadolu/. Туркийн нийслэл Анкара хотын археологийн дурсгалт газраас 66 сая жилийн өмнө Тетисийн тэнгисийн эрэг орчимд амьдарч байсан дунгийн чулуужсан үлдэгдэл илрүүлсэн тухай тус улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой мэдэгджээ.

Уг чулуужсан үлдэгдлийг Гөлбаши дүүргийн Күлхөюк тосгон орчимд хийсэн малтлагын үеэр олж илрүүлсэн байна.

Дун нь нялцгай биетний төрөлд багтдаг. Судлаачдын үзэж байгаагаар, уг олдвор нь 250 орчим сая жилийн өмнө үүсэж, өнөөгийн Төв Анатолийн зарим хэсгийг бүрхэж байсан эртний Тетис тэнгис оршин байсан сүүлчийн үед хамаарах аж.

Харин Күлхөюк нь ойролцоогоор 5000 жилийн өмнө бий болсон суурин бөгөөд Хатти болон Хиттийн соёл иргэншилтэй холбоотой газар юм. Ийнхүү чулуужсан үлдэгдэл болон тус суурингийн хооронд цаг хугацааны асар их зөрүү байгаа нь уг амьтан суурингийн оршин суугчидтай нэгэн үед амьдарч байгаагүйг харуулж байна.

Тиймээс судлаачид эртний оршин суугчид чулуужсан олдворыг өөр газраас олж, Күлхөюк руу авчирсан эсэхийг судалж байгаа ажээ. Энэ таамаглал нь уг олдвор сууринд хэрхэн ирсэн, тухайн үеийн оршин суугчдын хувьд ямар ач холбогдолтой байсан байж болохыг судлах шинэ чиглэлийг нээжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн