БАКУ, 2026 оны есдүгээр сарын 15 /azertag/. Хиймэл оюуны (AI) томоохон компаниудын удирдлагууд уг технологийн хурдацтай хөгжилтэй холбоотой эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулсны дараа даваа гарагт дэлхий даяар AI компаниудын хувьцааны ханш огцом унажээ.
“Anthropic” компанийн ерөнхий захирал Дарио Амодей хиймэл оюуныг зүй бусаар ашиглах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан хиймэл оюун хөгжүүлэгч компаниудыг загваруудынхаа чадварыг хөгжүүлэх хурдыг сааруулахыг уриалсан юм. Түүний саналыг “Tesla” компанийн тэргүүн Илон Маск, “OpenAI”-ийн ерөнхий захирал Сэм Альтман нар дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
С.Альтман мөн аюулгүй байдлын үүднээс “OpenAI” компани энэ онд анх удаа хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаагаа (IPO) гаргахгүй гэдгийг мэдэгджээ.
Компаниудын удирдлагуудын эдгээр мэдэгдэл нь AI компаниудад ирэх дарамтыг нэмэгдүүлжээ. Хөрөнгө оруулагчид хиймэл оюуныг хөгжүүлэх зардал нэмэгдэж, зээлийн өртөг өндөр хэвээр байгаа энэ үед компаниуд зээл, өрийн санхүүжилтээс улам бүр хамааралтай болж байгаад санаа зовниж байна.
“Хиймэл оюуны төлөөх өрсөлдөөн мэдэгдэхүйц удааширвал бүх дэд бүтцийн зардлыг хэн хариуцах вэ гэдэг гол асуудал болно. Тооцоолох хүчин чадлын эрэлт, орлого өсөх хүлээлт саарсан ч түрээсийн төлбөр, өр зээл, цахилгаан эрчим хүчний зардлын үүрэг хэвээр үлдэнэ. Энэ нь хиймэл оюуны салбарын зээлийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй” гэж “Swissquote” компанийн ахлах шинжээч Ипек Озкардеская хэллээ.
Уолл-Стритэд “Nasdaq e-mini” индексийн фьючерс 1.9 хувиар унасан бөгөөд хиймэл оюун хурдацтай хөгжихөд гол нөлөө үзүүлсэн чип үйлдвэрлэгч компаниудын хувьцаа хамгийн ихээр буурсан байна.
“Advanced Micro Devices” компанийн хувьцааны ханш 3 хувиар, Илон Маскийн “SpaceX” компанийнх 5.7 хувиар буурсан бол “Meta”, “Amazon” компаниудын хувьцааны ханш тус бүр 1.4 гаруй хувиар унажээ.
Д.Амодей “Х” нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, хиймэл оюуны агентууд 6-гаас 12 сарын дараа “интернэтийг бүхэлд нь эзлэн авах чадвартай болж, улмаар хэдэн зуун тэрбум ам.долларын хохирол учруулж болзошгүй” гэсэн байна.
“Anthropic” компани хиймэл оюунаас учруулах аюулын талаарх тайлангаа өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нийтэлсэн байна. Уг тайланд хэд хэдэн этгээд тус компанийн “Claude” хиймэл оюуны загваруудыг зэвсэг бүтээх, кибер ажиллагаа явуулахаас эхлээд тагнуул, залилан мэхлэх зэрэг янз бүрийн зорилгоор хэрхэн ашигласныг дэлгэрэнгүй дурджээ.
Хиймэл оюуны учруулж болзошгүй хор хөнөөлийн талаарх болгоомжлол нь судлаач-антропологич Жейкоб Коксон “Anthropic” компаниас гарсны дараа улам нэмэгдсэн байна. Тэрбээр “хиймэл оюун бүтээж буй хүмүүс энэ арван жилийн эцэс гэхэд хиймэл оюун биднийг бүгдийг устгаж магадгүй гэдэгт үнэхээр итгэдэг” хэмээн анхааруулжээ.
