Саудын Арабын “East-West” дамжуулах хоолой есдүгээр сарын 10-ны өдөр Иракын дроны цохилтод өртөж гэмтсэн. Энэхүү цохилтоос болж Саудын Араб түүхий газрын тос тээвэрлэдэг гол шугамаа хаахаас өөр аргагүйд хүрчээ. Хоолой хэр удаан хаалттай байх, хэдий хэмжээнд гэмтсэн нь хараахан тодорхой болоогүй байна.
Тэгвэл энэ хэргээс болж Ням гаригийн байдлаар /2026.09.13/ газрын тосны үнэ огцом өсөв. АНУ-ын “West Texas Intermediate” маркын газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 2.89 хувь өсч, баррель нь 102.94 ам.доллар хүрчээ. Харин олон улсын зах зээлийн жишиг болдог брент маркын газрын тосны үнэ 2.82 хувиар өсч, баррель нь 107.56 ам.доллар хүрсэн байна.
Ормузын хоолойн нөхцөл байдлыг хэлэлцэхээр Персийн булангийн орнууд өнөөдөр /2026.09.14/ Ирантай дипломат уулзалт товлосон байсан. Гэвч Саудын Арабын дамжуулах хоолойн халдлагын дараа уг уулзалт хойшлогдоод байна.
Саудын Арабын “East-West” дамжуулах хоолой нь өдөрт долоон сая баррель газрын тос тээвэрлэх хүчин чадалтай тул Ираны дайны улмаас үүссэн газрын тосны нийлүүлэлтийн ноцтой тасалдлыг намжаахад чухал үүрэг гүйцэтгэж байсан. Тус хоолой нь Саудын Арабын нутаг дэвсгэрийг зүүнээс баруун чиглэлд хөндлөн дайран өнгөрч, Персийн булангийн ойролцоох газрын тос олборлох бүсүүдийг Улаан тэнгисийн эрэг дээрх терминалуудтай холбодог. Саудын Араб улс түүхий газрын тосны экспортоо Персийн булангаас өөр чиглэлд шилжүүлэхийн тулд уг дамжуулах хоолойд найдсаар ирсэн юм.
