ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 14 /new-science.ru/. Халуун орны хуй салхины чиглэл, эрчим, хамрах хүрээг урьдчилан таамагладаг WeatherNext Cyclones гэдэг системийг Google DeepMind, Google Research лабораториудын судлаачид хамтран боловсруулжээ.

Туршилтын явцад уг загвар нь хиймэл оюун ухаанд суурилсан өмнөх системүүдтэй харьцуулахад ижил нарийвчлал бүхий таамаглалыг нэг хоногийн өмнө боловсруулж чадсан байна.

Уг системийг хар салхины талаарх 5 мянга орчим мэдээллийг хадгалдаг IBTrACS мэдээллийн баазад тулгуурлан сургасан бөгөөд 2023-2025 онд болсон хар салхинуудын үеэр туршиж үзжээ. Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдсанаар, WeatherNext Cyclones нь салхины чиглэл, түүний дээд хурд ба хамрах хүрээг нэг өдрийн өмнө таамаглан тодорхойлсон байна. Ялангуяа тав хоногийн өмнө хийсэн таамаглалд гол ялгаа нь илт харагдаж байв. Уг систем траекторийг таамаглахдаа дунджаар 230 км-ийн зөрүү гаргасан бол өмнөх ECMWF – 370 км-ийн, Google GenCast – 335 км-ийн зөрүүтэйгээр тус тус таамаглаж байжээ.  

WeatherNext Cyclones нь цорын ганц траекторийг зааж өгдөггүй, харин шуурга эрчимжих 1 мянга орчим боломжит хувилбарыг боловсруулснаар салхи хуурай газарт ирэхдээ огцом ширүүсэх гэх мэт аюултай үзэгдлүүд үүсэх магадлалыг үнэлдэг байна. Таамаглалыг 15 хоногийн өмнөөс хийж болох бөгөөд бүхэл бүтэн нэг тооцооллыг TPU гэдэг тусгай процессор дээр нэг минутаас богино хугацаанд хийдэг ажээ.

2025 онд хэд хэдэн хар салхи дэгдэх үеэр АНУ-ын Хар салхины үндэсний төвийн мэргэжилтнүүд уг системийг ашиглажээ. Мелисса хар салхи үүсэх үед WeatherNext систем таамаглахдаа, Ямайкт нэвтрэх үедээ уг шуурга 5 дугаар түвшинд хүрч ширүүсэх магадлал өндөр байгааг анхааруулсан байна.   

Гэхдээ хиймэл оюун ухаан нь цаг уурчдыг орлох боломжгүй бөгөөд уламжлалт загваруудыг баяжуулж, таамаглал хийхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг мэргэжилтнүүдэд өгөх ёстой.  

Системийн гол давуу тал бол өмнөх системүүдээс нэг хоногоор түрүүлж таамаглал дэвшүүлсэн явдал юм. Ингэснээр эрэг орчмын хүн амыг нүүлгэн шилжүүлж, дэд бүтцийг бэлэн болгоход шаардлагатай цаг хугацааг хожно.   

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн