Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, эх бичиг судлаач Р.Отгонбаатар “Отгонбаатарын оролдлогоос…” бие даасан үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд дэлгэж байна.

Энгийн харахад монгол бичгээр бичсэн үгс боловч сайтар ажиглавал тухайн үгийн утга, дүрс, хэлбэрийг хооронд нь уялдуулан эвхэж, дүрслэн үзүүлсэн сонирхолтой бүтээлүүд ажээ. Тэрбээр монгол бичгийн уламжлалт үзгийн тигийг суурь болгон, эвхмэл үсгийн тогтсон зарчмыг ашиглан үсэг, үгийн утгыг монгол ахуйтай холбож, залуу үед шинэ санаа өгөхийг зорьжээ.

“Отгонбаатарын оролдлогоос” гэдэг нэр их сонирхол татаж байна. Яагаад та үзэсгэлэнгээ “оролдлого” гэж нэрлэсэн юм бэ. Мөн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

-Би нэг их сүрхий бичээч, зураач биш юм чинь зүгээр оролдсон л гэсэн үг шүү дээ. Өөрийн сурсан зүйлээ нэг шат ахиулах л санаатай. Монгол бичгийг мянгаад жилийн турш дан үзгээр бичиж ирсэн уламжлалтай. Эртний бичгүүдийг харахад голдуу хулсан болон модон үзэг хэрэглэж байсан. Цөөн тохиолдолд ясан, төмөр, өдөн үзэг хэрэглэж байсан байх. Гэхдээ бид ерөнхийдөө модон, хулсан үзгээр хамаг ажлаа хийж ирсэн улс. Тиймээс тэр үзгийн бичгийн уламжлалыг харуулах, монгол бичгийн эвхэх ёсыг хүмүүс, ялангуяа залуучуудад ойлгуулах гэсэн санаа бий.

Эвхмэл тигээр бичихэд баримталдаг тэгш хэмийн зарчим, тэнцүү харьцааны зарчим гэж байдаг шүү дээ. Эдгээрээс өөр чухалчлах зүйл, онцлог юу байдаг вэ?

-Монгол бичигт эвхэх ёс гэж тусгай журам бий. Тогтсон дүрэм, ёсоор нь бичих юм бол тодорхой хэлбэрүүд гарна. Эвхмэл бичгийн хамгийн чухал шаардлага нь уншигдах байдал сайн байх. Үг нь уншигдах ёстой. Мөн тэгш хэмийн зарчим, үсэг хоорондын зай хэмжээ зэргийг тааруулна. Бас алдаа мадаггүй байх ёстой.

Монгол бичгийн үсэгт сунгаж болох, эвхэж болох махбод байдаг. Тэр онцлогийг нь ашиглаад янз бүрийн хэлбэрт оруулахад их тохиромжтой. Гэхдээ энэ нь тухайн хүний ур ухаанаас шалтгаална.

Би тийм их ур ухаантай хүн биш учраас боломжийн, амархан, дөрвөлжин, дугуй хэлбэрийг голлож бичсэн. Их авьяастай, ур чадвартай хүн бол амьтан, хүн зэрэг янз бүрийн дүрсийг ч монгол бичгээр гаргаж болох байх. Гэхдээ хэтэрхий уран хэлбэрт оруулах тусам уншигдах байдал нь муудаж, төвөгтэй болдог.

Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг харахад үг бүрийг тухайн зүйлийнх нь дүрстэй холбосон байна. Жишээ нь гэр, хот айл, сүм хийд гэх мэт…

-Би монгол ахуйгаас эхлээд өнөөдрийн хүүхдийн үздэг ном, дэвтэрт гардаг зүйлс, сав суулга, багаж хэрэгсэл, гэр, сүм хийд зэрэг олон зүйлийг сонгосон. Тэдгээрийг багцалж төрөлжүүлж тавьсан юм. Нөгөө хэсгийг нь задалж, хоршоо холбоо үгээр нь тухайн үгийнхээ дүрстэй холбож байрлуулсан. Залуу хүүхдүүдэд санаа, сэдэл өгөх зорилготой учраас уламжлалт зүйлтэй ойртуулж хийсэн.

Жишээ нь “гэр” гэдэг үгийг нэлээд хэдэн янзаар бичсэн. Улаан алаг гэрийг хуучны хөлтрөг, халзтай гэрийн байдлаар дүрслээд, дээр нь “халз”, доор нь “үүд”, “туурга” гэх мэтээр байрлуулсан.

Заримд нь “туурга”, “үүд”, “дээвэр” гэсэн байдлаар бичсэн. Зүгээр “гэр” гэсэн бичлэг ч бий.

“Зул”, “гэрэл”, “лаа”, “дэн” зэрэг үгэнд тухайн зүйл асаж буй хэсгийг улаан бэхээр, суурь хэсгийг хар бэхээр бичсэн.

Сүм хийдийн хэсэгт “хийд”, “гэр”, “дуган”, “сүм” гэх мэт хэлбэрийг оруулж, гадуур нь “хана”, “хэрэм”, “багана”, “хаалга” гэх мэтээр дүрсэлсэн.

Мөн цоож, түлхүүр, сав суулга, аяга зэрэг олон үг бий. Зарим үгийг овоолсон хэлбэрээр, заримыг нь толины тусгал, нугалаа мэт харагдахаар бичсэн. Ингэсээр байгаад нэг их том биш, авсаархан, бэсрэгхэн үзэсгэлэн болж байна.

Монгол бичгээс уламжлан авсан учир манж бичигт эвхэх ёс бий. Өөр бусад ямар ямар бичигт эвхмэл тиг хөгжсөн байдаг вэ?

-Бидний бичих, эвхэх ёстой төстэй. Гэхдээ манж бичгийн эвхэх ёс их олон хэлбэртэй болсон. Ханзны эвхэх ёсыг дагаад 30 гаруй тогтсон нэр, хэлбэр бий болсон байдаг. Тэр бүхнийг бид дуурайх хэрэггүй гэж би боддог. Зарим дөрвөлжин, дугуй хэлбэрийг ашиглаж болох ч өөрсдийнхөө тогтсон ёсоор бичих нь зүйтэй болов уу. Зарим хүн улам баяжуулж, янз бүрийн хэлбэр гаргаж байсан түүх ч бий. Манайхан одоо энэ хэмжээнд дахин оролдож эхэлж байна.

Монгол бичгийн хамгийн эртний дурсгалуудын нэг болох Чингисийн чулууны бичиг”-ийн тухай бид мэднэ. Үүнтэй адил эртний эвхмэл бичгийн дурсгал байдаг уу?

-Байгаа. Эртний маягийн дурсгалууд бий. Голдуу тамга, тэмдэг дээр байна. Мөн эд хэрэгсэл, цаасан дээр янз бүрийн эвхмэл бичиг байдаг. Гэхдээ тэдгээрийн он цаг заримдаа тодорхой биш. Цөм бүрэн хадгалагдсан, арай хожуу үеийн бүтээлүүд ч бий. Ил хаадын захидал болон бусад хааны тамга, тэмдэгт янз бүрийн бичиг хэрэглэсэн байдаг.

Өвөр Монголоос бусад монгол туургатанд, тухайлбал Буриад, Халимагт эвхмэл бичгийн уламжлал хэр дэлгэрсэн байдаг вэ?

-Эрт цагийн дурсгалууд нь харьцангуй ховор. Гэхдээ монгол бичгийг хэрэглэж байсан болохоор Буриад, Халимагийн нутагт ч зохих хэмжээнд хэрэглэж байсан байх. Монгол туургатан болохоор адилхан л ур ухаантай, сайхан бичсэн зүйлүүд бий. Буриадын хожуу үеийн модон барын ном судар маш уртай, сайхан үсэгтэй. Гэхдээ эвхмэл зүйл нь цөөн. Тод бичиг, монгол бичгийн уламжлал холилдсон тохиолдол ч байдаг.

Ер нь манай өв соёлд янз бүрийн хээ угалз, торгоны хээ, нэхмэлийн уламжлал их бий. Тэр дундаас усан, өлзий зэрэг тогтсон хээг түшиглэж эвхмэл бичгийн хэлбэр гаргаж болохоор. Гурвалжин, дөрвөлжин, хадаг, торгоны хээ зэрэг уламжлалт дүрслэл ч олон бий.

Энд дэлгэсэн бүтээлүүдээс танд онцгой, хийхэд их цаг хугацаа зарцуулсан бүтээл бий юу?

-Бичээд ирэхээр зохих хэмжээний хугацаа шаардана. Заримыг нь гайгүй хурдан биччихнэ. Зарим нь нэлээд цаг хугацаа орж байж эвтэйхэн болдог. Би өөрөө удаан, залхуу хүн болохоор нэг юмаа хэдэн жил цувруулаад хийсэн зүйл ч бий. Зарим аятайхан бичгүүд энд тавигдаагүй үлдсэн байгаа.

Та олон жил гар бичмэл уншиж, судалсан хүн. Судалгааны явцад хамгийн их сэтгэл догдлуулдаг мөч тань юу вэ?

-Заримдаа нэг юмны учрыг ололгүй хэд хоног явж байгаад дараа нь учрыг нь олчихвол “иймэрхүү юм байжээ” гэж баярлах үе бий. Надад нэг удаа малтлагаар олдсон эртний номын тасархайг таньж байсан тохиолдол бий. Дөрвөлжин үсгээр хэвлэсэн том номын алга дарамхан тасархай байсан юм. Гадаадын судлаачид түүнийг ямар номын тасархайг мэдэлгүй, үгийг нь уншаад зургийг нь тавьсан байсан.

Харин би судлаад тэр нь “Мэдэгдэхүүнийг билигтэйеэ гийгүүлэгч нэрт шастир” хэмээх номын тасархай болохыг анх таньсан. Энэ бол ном үзэж, судалдаг хүнд баяртай явдал. Өдөр болгон үзэгддэг, хүн болгон таньдаг ном биш шүү дээ.

үүхэд, залуучуудад хандаж юу хэлэх вэ. Эх хэл бичгээ сайн сурахын ач холбогдол юу вэ?

-Манай хүүхэд, залуучууд монгол хэлээ, монгол бичгээ их сайн сурах хэрэгтэй. Цааш нь ахиулаад явбал өөрсдийнхөө нарийн нандин утга, уянгыг хэр сайн, гүнзгий сурна тэр хүний мэдлэг, бодол цэгцэрнэ.

Ер нь “Үсэгт мэргэн болбол үгэнд мэргэн болдог, үгэнд мэргэн бол утгад мэргэн болдог, утгад мэргэн бол ухаан нь сайжирдаг” гэж би боддог.

Мөн манай залуучууд, ялангуяа сурагч багачууд, уран бүтээлчид эвхмэл үсгийг оролдож үзэх хэрэгтэй. Гоёл чимэглэлд аяга, шаазан, даавуу, даалин зэрэг эд зүйл дээр монгол маягаар, монгол бичгээрээ хэрхэн эрхэмсэг сайхан чимэглэл хийж болох вэ гэж хичээн суралцах хэрэгтэй.

Тэгвэл миний энэ үзэсгэлэн гэдэг өчүүхэн хэдэн бүтээл өлгөсөн зүйл биш, цаашид олон хүний оролдлого, бүтээлээр үргэлжлэх эхлэл болно гэж бодож байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн