Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар (RCO), НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албаны Ази, Номхон далайн бүсийн газар (OCHA ROAP) хамтран энэ сарын 09-11-ний өдрүүдэд “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлагийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж, олон улсын хүмүүнлэгийн тогтолцоо, гамшгийн үеийн хариу арга хэмжээний зохицуулалт, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтын механизм, арга хэрэгсэл, нөхцөл байдлыг үнэлэх, зохицуулах, олон улсын багуудын харилцан ажиллагааны талаар онол, практикийг хослуулан судалж, үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.

Сургалтыг НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албаны Ази, Номхон далайн бүсийн төвийн ажилтан, хүмүүнлэгийн асуудал хариуцсан ажилтан Ван Рүй, НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албаны Ази, Номхон далайн бүсийн Иргэн-цэргийн зохицуулалт (CMCoord)-ын мэргэжилтэн, хүмүүнлэгийн асуудал хариуцсан ажилтан Нидхират Срисирирожанакорн нар удирдан чиглүүллээ.

Мөн сургалтын зочин илтгэгчээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), НҮБ-ын Хүн амын сан (UNFPA), НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг (МУЗН)-ийн төлөөлөл оролцож, хүмүүнлэгийн хариу арга хэмжээ болон салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл, туршлагаа танилцуулсан юм.

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэх ач холбогдолтой байлаа.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн