Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг сааруулж, дэд бүтцийн дутагдал, амьдрах орчны доройтол, төрийн үйлчилгээ, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцуулав.

Тухайлбал, Дулааны V цахилгаан станцын барилга угсралт 16, Дамбадаржаа ДС-ын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй, Туул-1 коллекторын 3, 4-р хэсгийн Ф1500-1200 мм голчтой 6 км шугамыг угсарч байна. Өнгөрсөн зун үерийн эрсдэлээс сэргийлэхээр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 700 хүн, 160 техник, 51 мотопомпыг бэлэн байдалд ажиллууллаа. “Ub engineering” инженерийн дэд бүтцийн хяналт, удирдлагын системийг нэвтрүүлнэ. Нийт 50 га талбайд “Сэлбэ 5 шатлалт усан сан” цогцолбор барина.

Мөн 70,080 хүүхэд сурах боломжтой 84 сургуулийг үе шаттай ашиглалтад оруулна. Үүнээс 11 сургуулийг АХБ, 33 сургуулийг Дэлхийн банкны санхүүжилтээр барих юм. Төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулж, боловсролын чанарыг сайжруулж, төвлөрөл их 1-р сургуулийн салбарыг хотын захын хороонд байгуулна.

Нийслэлд 23.4 км шинэ, 74.4 км он дамжин гүйцэтгэсэн зам, 33.6 км зам засвар хийгээд байна. Цаашид 158.8 км авто зам барина. Авто, дугуйн, явган хүний замыг иж бүрнээр нь барина. Одоо байгаа 115 км дугуйн зам дээр нэмээд, 327.5 км дугуйн замын сүлжээг бий болгохоор төлөвлөжээ. Монос, Механик инженер, тээврийн сургууль, Офицерын уулзвар, НЗДТГ-ын ард явган гүүр, Нарт хотхоны зүүн далангийн гүүр гэсэн 5 байршилд олон түвшний уулзвар барина. Иргэдийг нийтийн тээврээр аюулгүй, тухтай зорчуулахын тулд 60 цахилгаан их багтаамжийн автобус, сургуулийн 50 автобус, дунд багтаамжийн 46 автобусаар парк шинэчилнэ. Нийтийн тээвэрт 16 шинэ чиглэл нэмж, 27.3 км замын сүлжээг бий болгох юм.

Ухаалаг гэрлэн дохиогоор замын хөдөлгөөнийг удирдан, “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай замын автобус, метро, трамвай, дүүжин замын тээвэр төсөл хэрэгжүүлж байна. “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийн ТЭЗҮ-ийг энэ оны 12 дугаар сард дуусгаж, ойрын 2 жилд шугамыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн “Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй гурван бүсэд 73,862 өрх амьдарч байна. “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд агаарын бохирдлыг 50.5 хувиар сааруулахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, дэд төвүүдийг ашиглалтад оруулна. Нарны эрчим хүч, шингэрүүлсэн хийн түлшнээс цахилгаан, дулааны хэрэглээг хангах олон төрөлт шийдлийг 73,862 өрхөд нэвтрүүлнэ. Одоогоор 5000 өрхийг шингэрүүлсэн нефтийн хий, 408 өрхийг нарны эрчим хүчинд холболоо. Найман уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлсэн бөгөөд уурын 273 зуухыг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг 10.5 хувиар багасгах ажээ.

Үүнээс гадна Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах Нүүрс пиролизийн үйлдвэр байгуулна. Нийслэлд зорчиж буй 2700 орчим цахилгаан авто машиныг 50 мянгад хүргэж, цэнэглэх станцын тоо, хүртээмжийг нэмнэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Дэлхийн банк, UNDP, GGGI збайгууллагатай хамтран ажиллаж, ногоон санхүүжилтийн хүрээнд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлжээ.

Иргэнд ээлтэй хотыг хөгжүүлж, open.ulaanbaatar.mn системд энэ оны 221 хөрөнгө оруулалтын төсөл, стратегийн 16 мега төслийн төсөв, гүйцэтгэгч, явцыг нээлттэй болгосон. Мега төслүүдээс ДЦС-5, олон түвшний уулзвар, дүүжин замын тээвэр, Сэлбэ хот орон сууцжуулалт, Улаанбаатар трам эхний тавд эрэмбэлэгдлээ. Хиймэл дагуулын зурагт суурилсан дижитал хяналт, ухаалаг камерын нэгдсэн сүлжээнд суурилсан хяналт, хотын бүтээн байгуулалтад иргэд хянах боломж бий болгоно. “Хотын дарга сонсож байна 150-150” платформоор иргэдээ сонсож байна.

Улаанбаатар хотод ногоон байгууламж  42 бий. Жуковын хөшөөний хойно барилгын зориулалтаар олгосон 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламж болгоно. Ногоон нуурт 5.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулахаар бэлтгэж байна. Мөн нийтийн эзэмшил, иргэдийн зорчих орон зайг хамгаалж, зуслангийн бүсийн орц, гарцтай холбоотой 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалжээ. Улаанбаатарыг хүүхдэд ээлтэй хот болгох хүрээнд “Хүүхдийн ордон-2” шинжлэх ухаан, технологийн ордон байгуулж байна. Мөн хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмж, “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн чиглэлээр хөгжүүлэх ажээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн