СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Соёл судлалын секторын эрхлэгч, соёл судлалын ухааны доктор (Ph.D) Э.Дүүриймаа “Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” номоо олны хүртээл болголоо.
Энэ ном монголчуудын биет бус өвийн төлөөлөл болох хөөмий, туулийг шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс судлан шинжилж, соёлын газар зүй, байгаль, бүс нутгийн онцлог, нийгэм, оюун санааны соёлын үүрэг, ач холбогдлын үүднээс тус тусын болон харилцан шүтэлцээний хүрээнд авч үзсэн соёл судлалын анхны бүтээл гэдгээр онцлог болохыг зохиогч онцолсон юм.
Бүтээлийг 2006 оноос эхлэн баримтжуулсан судалгаанд тулгуурлан бичихдээ соёлын биет бус өвийг ур чадварын дээд түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч, хөөмийч МУГЖ, Н.Сэнгэдорж, МУГЖ Э.Тойвгоо, МУСГЗ Д.Цэрэндаваа, МУГЖ Б.Одсүрэн, МУГЖ Э.Даваажав, туульч А.Балдандорж, Н.Дамдиндоржийн мэдээлсэн арга туршлага, уламжлалын онцлогийг шингээжээ.
“Бүтээлээрээ хүн, байгаль, мал ахуйн гурамсан холбоонд хүмүүний бие, хэл, сэтгэлийн үйлээр монгол соёлын биет бус өв, аман уламжлал харилцан шүтэлцэж, өвлөн уламжилж ирсэн нь өнөө цагийн соёлын дархлаа, оюун санааны язгуур үнэт зүйлийг бүтээж ирснийг тодруулахыг зорьсон” гэдгийг Э.Дүүриймаа тодотгож хэллээ.
“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” нэг сэдэвт бүтээл нь 3 бүлэг, 22 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт, нэрсийн хэлхээ зэргийг багтаасан 23.2 хэвлэлийн хуудаснаас бүрдэнэ. Номын нэгдүгээр бүлэгт хөөмийлөхүйн төрөл зүйл үүсэн хөгжихөд нөлөөлсөн байгаль, нийгэм соёлын орчны нөлөөг тодруулахын зэрэгцээ монгол хөөмийн хэв шинж, урын сан ба соёлын онтологи, хөөмийлөхүйн үйлийн мөн чанарын тухай, хоёрдугаар бүлэгт монгол туулийн төрөл зүйл үүсэж хөгжих байгаль, нийгэм, соёлын орчны нөлөө, тууль хайлах зан үйл, дэг ёс, хатуу, зөөлөн тууль хайлахуйн онцлог, гуравдугаар бүлэгт хөөмийлөхүй, хайлахуйн үйлийн харилцан шүтэлцээ, мөн чанар, бүтэц үүргийн онцлог, дуугаралтын ая алгууны утга илэрхийллийн онцлог, спекторийн шинжилгээ, тэдгээрийн нийтлэг хийгээд ондооших талыг соёл судлалын онол арга зүйн үүднээс шинжилж, харьцуулан дүгнэн бичжээ. Мөн хөөмийн уран бүтээл тайзнаа гарсан цаг үеэс 2020 оны хүртэлх хугацаанд гарсан урын санг хөгжлийн үечлэлд авч үзсэнээрээ соёлын өв судлалд чухал ач холбогдолтой ажээ.
Номын ерөнхий редактороор Соёл судлалын ухааны доктор (Ph.D), профессор Ж.Долгорсүрэн, хэл найруулгын редактороор МУСГЗ, СУИС-ийн хүндэт профессор Я.Сумъяа ажиллажээ.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах өвийн төлөөллийн жагсаалтад “Монгол тууль” (2009), Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад “Монгол хөөмий” (2010) өвийг бүртгэсэн байдаг.
