ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 10 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нартай ойрын хугацаанд гурван талын уулзалт хийхийг үгүйсгэсэнгүй.

“Уулзалт болж магадгүй. Бид сайхан яриа өрнүүлсэн. Ийм уулзалт хийж болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Вашингтоны ойролцоох Эндрюс цэргийн баазад сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ. Тэрбээр В.Путин, В.Зеленский нартай гурван талын уулзалт ойрын хугацаанд хийх боломжтой эсэх талаарх асуултад ийнхүү хариулсан бөгөөд есдүгээр сарын 8-нд В.Путинтэй утсаар ярьсан талаар тайлбар хийх явцдаа үүнийг дурджээ. Харин уг гурван талын хэлэлцээ яг хэзээ болох талаарх тодруулгад хариулахаас зайлсхийсэн байна.

“Би бүх насаараа хэлэлцээ хийж ирсэн. Хэлэлцээрийг хэрхэн байгуулахыг би мэднэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцлоод, үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч “хэлэлцээр байгуулахыг хүсэж байна” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин В.Зеленскийд ийм хүсэл эрмэлзэл байгаа эсэхэд тэрбээр эргэлзэж байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын өмнө нь мэдээлснээр, В.Путин, Д.Трамп нар есдүгээр сарын 8-нд утсаар ярьжээ. Түүний хэлснээр, удирдагчид яг нэг цаг үр дүнтэй, илэн далангүй ярилцжээ. Хоёр удирдагч Украины мөргөлдөөнийг зохицуулахтай холбоотой асуудлуудыг голчлон хэлэлцэн байна. Мөн АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нарын Москва, Киевт хийсэн айлчлалын үр дүнгийн талаар санал солилцжээ. С.Уиткофф, Ж.Кушнер нарын айлчлалыг хоёр тал “нааштай үнэлсэн” бөгөөд энэ сувгаар хийх ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэж В.Ушаков онцолсон байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн