Унгар улс дипломат статустай нь үл нийцэх хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Оросын 10 дипломатыг улсаасаа гарахыг шаарджээ. Тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Анита Орбан мэдэгдэлдээ “Энэ шийдвэр нь Унгарын аюулгүй байдал, бүрэн эрхт байдлыг хамгаалах зорилготой. Түүнээс биш бид ОХУ-тай дипломат харилцаагаа тасалж байна гэсэн үг биш” гэжээ.
Харин ОХУ үүнийг өөрөөр хүлээж авч байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэлдээ “Москва хатуу хариу арга хэмжээ авна” гэжээ.
Угтаа бол Орос, Украины дайн эхэлснээс хойш Кремльтэй харилцаагаа эвдээгүй цөөн хэдэн орны нэг нь Унгар. Өмнөх засгийн газрын үед Орос, Унгарын харилцаа халуун дотно гэж хэлэхэд болохоор түвшинд байв. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуулиар Виктор Орбаны 16 жилийн засаглал нуран унаж, Петр Мадьяр тэргүүтэй шинэ засгийн газар байгуулагдсан юм. Европын холбооны олон ч орон Украины дайнаас болж Оросын дипломатуудыг хөөсөн. Унгар л өнөөг хүртэл ийм алхам огт хийгээгүй байв.
Европын холбооны хэвлэлийн төлөөлөгч Кристиан Виганд Унгарыг хууль ёсны дагуу шийдвэр гаргасан гэж үнэлж байгаа бөгөөд “Европын холбоо нөхцөл байдлыг цаашид нягт уялдуулан зохицуулна” гэжээ.
