Хойд Солонгос цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай материалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилгоор уран баяжуулах шинэ байгууламж барьж, хуучин байгууламжаа өргөтгөж эхэлжээ. Энэ талаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) мэдээлэв.

ОУАЭА-гийн мэдээлснээр, Хойд Солонгосын гол цөмийн байгууламж болох Ёнбёнд хоёр давхар шинэ барилга барьсан байна. Тус барилга нь уран баяжуулах зориулалттай бөгөөд дотор нь уран баяжуулах центрифуг суурилуулжээ.

Центрифуг нь ураныг өндөр түвшинд баяжуулахад ашигладаг төхөөрөмж юм. Баяжуулсан уран нь цөмийн реакторт түлш болгон ашиглагдах юм. Мөн хангалттай өндөр түвшинд баяжуулсан тохиолдолд цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагдах боломжтой.

ОУАЭА-гийн тооцоолсноор, шинэ барилгад 28 хүртэлх центрифугийн цуваа байрлуулсан байж болзошгүй. Ингэснээр Ёнбёны цогцолборт уран баяжуулах хоёр байгууламжтай болжээ.

Мөн нийслэл Пёньяны ойролцоох Кансон дахь уран баяжуулах байгууламжийг өргөтгөсөн байна. 2024 онд барьсан нэмэлт хэсэг нь энэ оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлсэн байж болзошгүй гэж ОУАЭА үзэж байна.

ОУАЭА Хойд Солонгост байнгын байцаагч ажиллуулах боломжгүй байдаг. Улмаар тул тус улсын цөмийн хөтөлбөрт гарч буй өөрчлөлтийг хиймэл дагуулын зураг болон төрийн хэвлэлд гарсан гэрэл заргийг ажиглаж байна. Тус агентлагийн байцаагчид 2009 оноос хойш Хойд Солонгост ажиллаагүй юм.

ОУАЭА-гийн ерөнхий захирал Рафаэль Гросси Хойд Солонгос Ёнбён болон Кансон дахь уран баяжуулах байгууламжуудаа үргэлжлүүлэн ажиллуулж, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болох материалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа нь ноцтой асуудал гэж мэдэгджээ.

ОУАЭА-гийн үзэж буйгаар, Хойд Солонгосын эдгээр үйл ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байна.

Харин Пёньян ОУАЭА-гийн шаардлага, хяналтыг хүлээн зөвшөөрдөггүй. Хойд Солонгос өөрийгөө цөмийн зэвсэгтэй улс гэж үздэг бөгөөд цөмийн зэвсгээ хэзээ ч орхихгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж ирсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн