Ном уншина гэдэг унтахын өмнө, метронд ганцаараа явахдаа, эсвэл наранд шарж хэвтэхдээ л хийдэг ажил байхаа больсон. Нийгмийн ертөнцөд ном урьд өмнө байгаагүйгээр нэвтэрч байна. Янз бүрийн уншлагын клубүүд, номтой оройн зоог, зохиолчтой ярилцах цаг зэрэг арга хэмжээнүүд ч элбэг болж.
Тэгвэл австраличууд өнгөрсөн сарын 30-нд чимээгүй уншлагад нэгджээ. Тодруулбал, энэ өдөр Мельбурн хотын 100 гаруй залуус “Tender” олон нийтийн талбайд цугларч, ном уншицгаасан байна. Оролцогчид намуухан хөгжмийн аяз сонсонгоо гэр гэрээсээ авчирсан номоо хэдэн цагийн турш уншжээ.
“Grant Krupp” нь 2025 оны аравдугаар сараас хойш Мельбурн хотод “Book Doof” нэртэй уншлагын арга хэмжээг 10 гаруй удаа, Перт хотод гурван удаа зохион байгуулжээ. Австралид алслагдсан байршилд зохион байгуулдаг бүжгийн үдэшлэгүүдийг “bush doof” гэж нэрлэдэг бөгөөд энэ нэр нь электрон хөгжмийн басс бөмбөрийн “doof doof” гэх хүчтэй цохилтын дуунаас үүссэн байна.
Дэлхийн өнцөг булан бүрт Мельбурнд зохион байгуулагдсантай төстэй арга хэмжээнүүд болдог.
Тухайлбал, Амстердамд өнгөрсөн зун зохион байгуулагдсан уншлагын арга хэмжээг “Том технологийн эсрэг зөөлөн бослого” гэж нэрийдсэн байдаг. Түүнчлэн Нью-Йорк хотод төвтэй “Page Break” байгууллагын үүсгэн байгуулагч Майки Фридмэн “Аналог ертөнцийн хамгийн шилдэг бэлгэдэл нь ном болсон” гэжээ. Лос Анжелест “Grain of Salt” нэртэй уншлагын цуврал арга хэмжээ мөн зохион байгуулагддаг. Энэ уулзалтад оролцогсод нэг номоо эхнээс нь дуустал уншдаг гэдгээрээ онцлог бөгөөд бүтэн найман цаг үргэлжилдэг. Мөн хөнгөн зууш, үндсэн хоол, амттан гэх мэтээр дөрвөн удаагийн хоол энэ арга хэмжээнд нь багтдаг аж.
Тэгвэл эдгээр арга хэмжээ утга зохиолын салбарын хямралыг зогсоож чадах болов уу?
Оюутнууд урт бичвэр ойлгох чадваргүй болсон гэж олон ч их сургуулийн багш, профессорууд гомдоллодог. Түүнчлэн “The Atlantic” хэвлэл “Унших үйлийн төгсгөл иржээ” гэж өнгөрсөн долдугаар сард тунхаглажээ. Хүмүүс ном унших нь багасч, эсрэгээрээ аудио ном сонсох дуртай болсныг сүүлийн үеийн зарим судалгаа харуулсан байдаг.
Сайн мэдээ гэвэл уншлагын арга хэмжээнүүд энэ чиг хандлагыг хэдийнэ сөрөөд эхэлжээ. Тухайлбал, “Page Break” байгууллага 2024 оны гуравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 25 удаа уншлагын арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд бүх уулзалтад оролцогчдын тоо нь бүрэн дүүрсэн байна. Мөн “Grain of Salt” арга хэмжээнд очихдоо унших ёстой номууд хэдэн долоо хоногийн өмнөөс дэлгүүрт зарагдаад дууссан байдаг болжээ.
