ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 9 /Reuters/. АНУ-ын засаг захиргаа Канадаас согтууруулах ундаа, мотоцикл, сүүн бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэрийг мягмар гарагтгаргаснаар хоёр улсын хооронд улам хурцдаж буй худалдааны маргааныг эрс даамжрууллаа.
Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, импортын хориг есдүгээр сарын 29-нөөс хэрэгжиж эхэлнэ. Уг шийдвэрийг Канад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд хариу тариф ногдуулах шийдвэр мягмар гарагт шилжих шөнөөс хэрэгжиж эхэлсний дараа гаргажээ.
АНУ өнгөрсөн сард Канадын 20 тэрбум орчим ам.долларын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулсны дараа Канадын тал хариу татвар ногдуулсан байна. Хоёр тал хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч үр дүнд хүрэлгүй зогссоноор олон жил холбоотон явж ирсэн хоёр орны зөрчил улам гүнзгийрч, талууд хэлэлцээ бүтэлгүйтсэнд бие биеэ буруутгасаар байна. Үүний зэрэгцээ Канадын Ерөнхий сайд Марк Карни тус улс худалдааны хамгийн том түнш болох АНУ-аас хамааралт байдлаа цаашид бууруулахыг уриалжээ. “Чиглэлээ өөрчилж, хөгжин дэвжихэд шаардлагатай бүх зүйл бидэнд бий” гэж М.Карни тариф хэрэгжиж эхэлсний дараа мягмар гарагт YouTube-д нийтэлсэн дүрс бичлэгтээ хэлсэн байна.
АНУ-ын импортын хоригт шар айраг, төрөл бүрийн дарс, виски, бурбон, ром, цагаан архи, вермут, текила, мескаль, бренди зэрэг согтууруулах ундааны ихэнх бүтээгдэхүүн хамрагдаж байгаа бололтой.
Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, сүүн бүтээгдэхүүний импортын хоригт шар сүүний уураг, өтгөрүүлсэн бурам, чихрийн нишингийн бурам болон согтууруулах ундаагүй шар айраг багтжээ.
Төрөл бүрийн бяслагийг импортлохыг бүрэн хориглоогүй боловч 50 хувийн тариф ногдуулах бараа бүтээгдэхүүний жагсаалтад нэмж оруулжээ. Мөн зарим төрлийн цаас, хөнгөн цагаан, мод, тавилга, гэрэлтүүлэг болон бусад бүтээгдэхүүн уг жагсаалтад нэмсэн байна.
АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, Канадын автомашинд ногдуулах тарифыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн одоо мөрдөж буй 25 хувиас 50 хувь болгон нэмэгдүүлэх тухай Д.Трампын өмнө нь хийсэн мэдэгдэл хүчин төгөлдөр хэвээр байгаа аж.
Түүнчлэн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир сүүлийн хэдэн өдөр Канадын хоёр талын худалдааны асуудал хариуцсан сайд Доминик Леблантай хэлэлцээ хийжээ. Хоёр улс асуудлыг шийдвэрлэх өөр гарц байгаа эсэхийг хэлэлцэхийн тулд ойрын өдрүүдэд дахин уулах төлөвтэй байна.