БИШКЕК, 2026 оны есдүгээр сарын 8 /Kazinform/. Киргизийн нийслэлийн “Бишкек-Арена” цэнгэлдэх хүрээлэнг 386 сая доллароор барьсан гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Аскат Алагозов Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Энэ тухай Бишкек дэх Kazinform агентлагийн тусгай сурвалжлагч мэдээллээ.   

Мэдээлэлд дурдсанаар, эхэндээ уг цэнгэлдэхийг 30-35 мянган хүний суудалтайгаар 60-70 сая доллароор барихаар төлөвлөж байв. Харин Ерөнхийлөгч Садыр Жапаровын өгсөн үүргийн дагуу, ФИФА-гийн дэлхийн стандартад нийцүүлэн 51252 хүний суудалтай болгон өөрчилжээ.

Киргиз гэрийн хэлбэртэй, 8 давхар барилгатай дүйцэх уг байгууламжийн диаметр нь 280 м, өндөр нь 70 м ажээ.

Уг байгууламж зардлаа бүрэн нөхөж, төсөвт дарамт учруулахгүй байлгахын тулд 36 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий дэд бүтцийг цэнгэлдэх дотор байгуулжээ. Үүнд: 23 зоогийн газар, 11 кафе, худалдааны төв, супер маркет, 48 дэлгүүр, 18 мухлаг, 4 кино танхим, спорт заал, хүүхдийн тоглоомын талбай болон террасууд багтсан байна.  

Саяхан уг цэнгэлдэх хүрээлэнг 60 сая доллароор босгосон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсаныг эрх баригчид үгүйсгэсэн юм.

Сануулан дурдахад, өнгөрсөн наймдугаар сарын 31-нд “Бишкек Арена”-д Дэлхийн нүүдэлчдийн VI спортын наадмын нээлт болсон билээ.

Мөн Колумбын нэрт дуучин Шакира тус цэнгэлдэхэд концертоо толилуулах гэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн