The MongolZ-ийн шинэ сорилт: Аваргын төлөөх тулаан өнөөдөр эхэлнэ

Бүрэлдэхүүндээ салхи оруулсан “The MongolZ” багийн ээлжит тэмцээн өнөөдөр/2026.09.08/ эхэлнэ. Тэдний өрсөлдөгчид, түрүүлэх боломжийн талаар та бүхэндээ хүргэе.

Тэмцээний формат болон оролцох багууд

1 сая ам.долларын шагналын сантай “FISSURE Playground #3” тэмцээн есдүгээр сарын 8-13-ны өдрүүдэд Хятадын Сүжөү хотод болно.

Хэсгийн шатанд 16 баг хоёр хэсэгт хуваагдан, хоёр хожигдвол хасагдах дүрмээр өрсөлдөнө. Хэсэг тус бүрээс гурван баг плей-оффт шалгарах бөгөөд хэсгээ тэргүүлсэн багууд шууд хагас шигшээд өрсөлдөнө. Харин үлдсэн дөрвөн баг шөвгийн наймд тоглоно. Улмаар тэмцээний аваргыг таван ээлжийн гранд финалын тоглолтоор тодруулах бол гуравдугаар байрын төлөөх тоглолт мөн явагдана.

Зохион байгуулагчид наймдугаар сарын VRS чансааг үндэслэн 15 багт урилга илгээсэн бөгөөд үлдсэн нэг эрхийг хаалттай сонгон шалгаруулалтаар тодруулжээ.

Ингэснээр Хятадад дараах багууд өрсөлдөнө. Хаалтанд Valve-ийн чансааг нь тэмдэглэв:

  • 9z Team (4)
  • Legacy (7)
  • FURIA (8)
  • BetBoom Team (9)
  • G2 Esports (11)
  • PARIVISION (12)
  • FaZe Clan (13)
  • The MongolZ (15)
  • MIBR (16)
  • Alliance (17)
  • TYLOO (18)
  • Astralis (19)
  • BIG (21)
  • GamerLegion (22)
  • 5star Esports (сонгон шалгаруулалтын ялагч)

Тэмцээний хуваарь маш шахуу байгаа учраас хэд хэдэн хүчирхэг баг “FISSURE Playground #3”-т оролцохоос татгалзсан. Дэлхийн шилдэг 10 багийн зургаа болох Spirit, Falcons, MOUZ, Vitality, NAVI, Aurora тэмцээнд оролцохгүй байгаа нь аваргын төлөө өрсөлдөх бусад багуудын боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна.

Тэмцээний фаворитууд болон The MongolZ-ийн аваргын боломж

The MongolZ-ийн хувьд хамгийн хүнд өрсөлдөгчид нь FURIA, Legacy болон G2 байх төлөвтэй. FalleN тэргүүтэй, шилдэг AWPer тоглогчдын нэг molodoy-г бүрэлдэхүүндээ багтаасан FURIA нь туршлагатай багуудын нэг. Харин Legacy сүүлийн үед тун сайн тоглож байгаа бөгөөд “CS Asia Championships 2026” тэмцээнд түрүүлж, “Esports World Cup 2026”-д хүрэл медаль хүртсэн.

G2-ийн хувьд шинэ од төрөн гарч байна. Тэдний мэргэн буудагч r1nkle сүүлийн тоглолтуудаараа өндөр түвшний ур чадвараа харуулж, багийнхаа гол тоглогчдын нэг болжээ.

Харин The MongolZ-ийн хувьд хэсгийн сугалаа харьцангуй таатай гарсан. FURIA, Legacy болон хэзээд тааварлахад хэцүү FaZe Clan бүгд нэг хэсэгт багтсан бол Монголын баг хэсгийн эхний тоглолтоо MIBR-ийн эсрэг хийнэ.

The MongolZ өмнө нь MIBR-тэй гурван удаа тоглохдоо бүгдэд нь ялалт байгуулсан. Тиймээс эхний тоглолтын хувьд Монголын багт давуу тал бий. Улмаар 9z Team болон сонгон шалгаруулалтын ялагч Монголын өөр нэгэн баг болох 5Star нарын ялагчтай тоглох боломжтой.

Хэдийгээр 9z Team нь тэмцээнд оролцож буй багуудаас Valve-ийн чансаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдэж байгаа ч The MongolZ Аргентины багийн эсрэг маш сайн үзүүлэлттэй. Тэд 9z-ийг гурав ялж, нэг удаа хожигдож байсан.

Гэхдээ хамгийн сүүлд болсон IEM Cologne Major 2026 тэмцээнд 9z баг The MongolZ-ийг хассан. Тиймээс энэ удаа таарвал багийн хувьд хариугаа авах боломжтой.

Хэсгийн шатыг тэргүүлсэн багууд плей-оффын эрхээ баталгаажуулах учраас The MongolZ-ийн хувьд эхний хоёр тоглолтдоо ялалт байгуулах нь хамгийн чухал зорилго.

Гэхдээ замдаа нэг тоглолтод хожигдсон ч бүх зүйл дуусахгүй. Доод бүсээр дамжин плей-оффт шалгарах боломж хэвээр үлдэнэ.

The MongolZ-ийн бүх тоглогч, тэр дундаа шинээр нэгдсэн хоёр тоглогч сүүлийн үед сайн тоглолт үзүүлж байгаа. Тиймээс тэд энэ тэмцээнд аваргын төлөө бодитоор өрсөлдөх бүрэн боломжтой.

Плей-оффт шалгарвал боломж улам нэмэгдэнэ

Зуны амралтын дараа олон баг хамгийн сайн формоо хараахан олж амжаагүй байгаа учраас “FISSURE Playground #3”-ийн плей-оффт ямар багууд шалгарахыг урьдчилан таахад тун хэцүү.

Гэхдээ The MongolZ хэсгийн шатнаас гарч, плей-оффт шалгарч чадвал аваргын төлөөх боломж нь мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Тиймээс Хятадад болох FISSURE Playground #3 тэмцээний турш The MongolZ-ийн тоглолтыг алдалгүй үзэж, аваргын төлөө өрсөлдөж буй Монголын цахим спортын төлөөлөгчдөө дэмжээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн