“Vitality”-ийн эрин өндөрлөж, “Spirit”-ийн цаг ирэв үү?

Цахим спортын “CS2” төрлийн энэ оны ээлжит томоохон тэмцээн болох “BLAST Open Porto” Португал улсад болж, өндөрлөлөө. Нийт 1.1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож, Оросын “Spirit” түрүүлэв.

Финалд тэд “MOUZ”-ийн эсрэг тоглож, 3-1 гэсэн харьцаатай хожжээ. Ийнхүү “donk”-ийн баг хоёр тэмцээн дараалан түрүүлэв. Мөн “BLAST Bounty”-ийн 2026 оны хоёрдугаар улирлын финалд “MOUZ”-д хожигдсон хариугаа авчээ.

Тоглолтын дараа тэмцээний шилдгээр тодорсон “donk” ярихдаа “Гайхалтай мэдрэмж төрж байна. Учир нь тэд бидний хожиж үзээгүй сүүлийн баг байсан юм. Бид бүх шилдэг багуудыг хожлоо. Ганц хожоогүй байсан нь ‘MOUZ’ байв” гэжээ.

“Spirit”-ийг зогсоох баг одоогоор алга. Тэд “FURIA”, “Falcons”, “Vitality”, “MOUZ” гээд бүгдийг нь хожиж, хожлын цувралаа 11 болгоод байна. Тэдний дараагийн зогсоол нь ирэх сарын эхээр Польш улсын Катовице хотод эхлэх “ESL Pro League”-ийн 24 дэх улирал.

Нөгөө талд “Vitality”-ийн хувьд энэ оны хоёрдугаар хагаст тун тааруу тоглож байна. Тэд сүүлийн таван тэмцээнийхээ дөрөвт нь хагас шигшээд шалгарч чадаагүй гэх тааруу үзүүлэлттэй явна. “BLAST Open Porto”-д л гэхэд хагас шигшээд “MOUZ”-д хожигдсон.

“Vitality”-ийн гол тоглогч “mezii” шинэ үрээ өлгийдөн авсан учир “jL” түүнийг орлож байгаа. Удахгүй багийн ахлагч “apEX” мөн аав болох тул багаа түр орхино. Ингэхээр нэг хэсэгтээ л хуучны “Vitality” үндсэн багаараа тоглохгүй аж.

Саяхан л дийлдэшгүй мэт байсан “Vitality” сүүлийн гурван сарын хугацаанд нийт тоглолтуудынхаа 58.8 хувьд л хожжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн