К-попыг хойноо хаяж буй к-бьюти

FASHION

Орчин цагийн залуус к-поп тоглолт л байвал тэр нь “Blackpink” үү, “BTS” үү гэдгээс үл хамааран дэлхийн аль ч өнцөг булан руу явахад бэлэн болжээ. Хэлийг нь мэдэхгүй байсан ч сонсголоороо солонгос дууг тэд дагаж дуулна. Энэ бол Өмнөд Солонгос улс эдийн засгаа солонгоруулах зорилго дор урлаг соёлоо дэлхий даяар түгээж буйн тод жишээ. Үүнийг солонгос хэлэнд “халлю” гэх ба энэ нь солонгос давалгаа гэсэн утгатай.

Тэгвэл к-поп урсгалын араас хүч түрэн гарч ирж буй нэгэн шинэ урсгал бол к-бьюти буюу бидний нэрлэж заншсанаар солонгос гоо сайхан.

Гоо сайхны бүтээгдэхүүнийг тус улсын соёлын томоохон экспортод тооцдог. Гэсэн хэдий ч хүртээмжийн хувьд асуудал дагуулсаар иржээ.

Тодруулбал, солонгос брэндүүдийн өө дарагч, суурь крем зэрэг нүүр будалтын голлох бүтээгдэхүүнүүдийн өнгөний сонголт бүх цаг үед хязгаарлагдмал байжээ. Өнгөний сонголтын хувьд ихэвчлэн цайвар цагаан арьсанд зориулагдсан байдаг гэдгийг хэн хүнгүй гадарлах болов уу. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүнээ туранхай, залуухан, цасан цагаан моделиудаар л үргэлж сурталчлуулдаг.

Тэгвэл дэлхийн гоо сайхны компаниуд энэ чиг хандлагыг орчин цагт сайшаахгүй байна.

Угтаа бол к-поп одод гоо сайхны талаарх хэвшмэл ойлголтыг эвддэгээрээ алдартай. Солонгосын хөвгүүдийн хамтлаг өнгө өнгийн урт богино үс, хүйсийн хязгаарлалтгүй хувцаслалт зэргээрээ түүчээлдэг билээ. Тэд нүүр будалт, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглээд зогсохгүй банзал, корсет, өндөр өсгийт зэргийг төвөгшөөлгүй өмсөх нь бий.

“BTS” хамтлагийн хоёр ч гишүүн өнгөрсөн онд солонгос гоо сайхны брэндийн элч төлөөлөгчөөр томилогдсон. Мөн “Big Bang”-ийн “G-Dragon” эмэгтэй хувцас, хэрэгслүүдийг загварлаг зохицуулж өмсдөгөөрөө алдартай. Тэрбээр өнгөрсөн онд “Chanel”-ийн хавар, зуны загварын шоунд оролцсон билээ.

Гадаад төрхөөс гадна эрэгтэй уран бүтээлчид сэтгэл хөдлөл, эмзэглэл, мэдрэмжийн илэрхийллээрээ ч хэвшмэл ойлголтыг эвдэж, барууны уламжлалт хэв маягийг сорьж байна.

Гэвч Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас 2025 онд явуулсан нэгэн судалгааны тайланд дурдсанаар, насанд хүрэгчдийн 38 хувь нь соёлын олон янз байдал гэж юу болохыг мэдэхгүй байгаа аж. Тус судалгаанд 5000 орчим насанд хүрэгч оролцсон бөгөөд тал илүү хувь нь энэ талаарх ойлголтыг хэвлэл мэдээллээс авсан гэжээ.

Өмнөд Солонгосын гоо сайхны стандартад нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Түүхийн туршид цагаачлалд хатуу хандсан бодлогын улмаас тус улсад угсаатны хувьд нэг төрлийн нийгэм зонхилжээ. Гоо сайхны бүтээгдэхүүний хүртээмжийн тал дээр ч энэ чиг хандлага ажиглагдана. Брэндүүд нийтэд хүртээмжтэй практикийг хэрэгжүүлэх ёстой гэх ойлголтыг худлаа дүр эсгэсэн алхам, бодит хэрэгцээнд нийцэхгүй гэж шүүмжлэгсэд олон.

Тухайлбал, цахим орчинд нэгэн хэрэглэгч “Миний найз тансаг зэрэглэлийн нүүр будалтын компанид дата шинжээчээр ажилладаг. Тэдний 30 гаруй өнгийн суурь крем, өө дарагчаас ердөө зургаа нь нийт борлуулалтын 95 хувийг бүрдүүлдэг. Бүх өнгөний сонголтод хөрөнгө оруулбал маш их зардалтай. Хөрөнгө орууллаа гээд борлуулалт нь зардлаа нөхөж чаддаггүй. Эрэлт багатай өнгөнүүдийг цөөн тоогоор үйлдвэрлээд байхад л дуусч өгдөггүй” гэж бичжээ.

Тэгэхээр нэг талаас харвал хүртээмжтэй практик бодит хэрэгцээнд нийцэхгүй гэдэг нь үнэн ч байж мэднэ.

Харин “USC Annenberg” сургуулийн дэд профессор Хе Жин Ли “Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн анх ямар нөхцөлд, ямар зах зээлд зориулж бүтээгдэж, сурталчлагдсан гэдгийг ойлгох нь чухал. Тэд үндсэндээ дотоодын зах зээлд зориулагдсан байсан. Солонгос соёл, солонгос гоо сайхан ч харьцангуй саяхнаас л дэлхийн чиг хандлага боллоо. Ингээд дэлхий даяар экспортлогдож эхэлмэгц хүртээмжийн асуудал үүссэн” гэжээ.

Солонгос соёл дэлгэрэхийн хэрээр Азийн арьс арчилгаа дэлхий дахинд трэнд болсон. Цахим ертөнцөд хүртэл “Asian don’t raisin” буюу “Азиуд хөгширдөггүй” гэх хэллэг түглээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт өнгөрсөн жил “APEC”-ийн дээд хэмжээний уулзалтаар Өмнөд Солонгост айлчлахдаа “Olive Young”-аар үйлчлүүлж, гоо сайхны бүтээгдэхүүнүүд базаасан билээ. Үүнийгээ инстаграмдаа хуваалцсан нь олны анхаарлыг ихээхэн татаж, солонгос гоо сайхан уламжлалт солонгос соёлуудаасаа хол түрүүлжээ гэх ойлголтыг бий болгосон юм.

АНУ 2024 онд Өмнөд Солонгосоос 1.7 тэрбум ам.долларын гоо сайхны бүтээгдэхүүн импортолжээ. Өмнө нь АНУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийг Франц баздаг байлаа. Европт ч ялгаагүй солонгос гоо сайхны дэлгүүрүүд нээгдэх болж, орон нутгийн жижиглэн худалдаачид, эмийн сангууд хүртэл энэ давалгаанд нэгдэх болжээ.

Аль нэг к-поп хамтлагийн тоглолт дээр очиход л солонгос давалгаа дэлхийг хэрхэн хэрсэнийг харах боломжтой. Тэнд зөвхөн солонгос охид хөвгүүд очдог уу гэвэл үгүй. Өнгөт арьстай, хижабтай, латин, афро-америк гээд олон янзын хүмүүс тэнд харагддаг. Тэд солонгос соёлд дуртай ч солонгос гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх боломж нь хязгаарлагдмал.

Гэхдээ сайн мэдээ гэвэл дотоодын брэндүүд мэр сэр өөрчлөгдөж эхэлж буй явдал. Тухайлбал, “K+Brown” брэндийг меланин ихтэй арьсанд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн анхны солонгос брэнд гэдэг. Мөн 2016 оноос үйл ажиллагаа явуулж буй “Tirtir” брэндийг солонгос гоо сайхны салбарын хамгийн хүртээмжтэй брэнд гэдэг.

Дэлхий дахин солонгос гоо сайхнаар амьсгалж буй энэ цаг үед солонгосчууд өөрсдөө ч гадаад хүнтэй гэрлэх нь ихэсч, гадаад ажиллах хүчин нь нэмэгдсээр байна. Үүнийг дагалдаад олон соёлт нийгэм бүрэлдэж эхлэх нь дамжиггүй тул солонгос гоо сайхны бүтээгдэхүүний хүртээмжийн асуудал яах аргагүй хөндөх сэдвийн нэг болжээ. Солонгосын гоо сайхны брэндүүдийг салбарынхаа “Katseye” болоосой гэж орон орны охид залуус хүсч байна.

К-попыг хойноо хаяж буй к-бьюти

Katseye

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн