НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 4 /Forbes/. Чип үйлдвэрлэгч “Nvidia” компани хиймэл оюун хөгжүүлэгчдэд зориулсан платформ болох “Hugging Face”-ийг худалдан авахаар тохиролцсон тухай “Bloomberg” агентлаг тус компанийн мэдээллээс эш татан бичжээ.
“Hugging Face” нь хиймэл оюуны загваруудын хамгийн том цахим сангуудын нэг бөгөөд хөгжүүлэгчид, судлаачид уг платформоор дамжуулан хиймэл оюуны загвар, өгөгдлийн багц, эх код нь нээлттэй демо программуудыг хуваалцдаг байна.
Худалдан авах хэлцлээр “Hugging Face”-ийг 13 тэрбум ам.доллароор үнэлжээ. Энэ дүнд “Hugging Face”-ийн ажилтнуудыг “Nvidia”-д шилжүүлэн ажиллуулах хөтөлбөрийн хүрээнд олгох урамшуулал мөн багтсан байна. Тус хөтөлбөрөөр ажилтнуудад нийт 1 тэрбум ам.доллар хүртэлх үнэ бүхий хувьцаа олгохоор төлөвлөжээ.
“Hugging Face” платформыг хэвээр хадгалж, гарааны тус компанийн одоогийн үйл ажиллагааны зарчмуудыг баримтална гэдгээ “Nvidia” компани мэдэгдсэн байна. “Hugging Face” нь хэрэглэгчдэд хиймэл оюуны загваруудыг байршуулах болон татаж авах боломжийг үргэлжлүүлэн олгохоос гадна, бусад бичил схем үйлдвэрлэгчдийг үргэлжлүүлэн дэмжих аж.
“Nvidia” компани “Hugging Face”-ийг худалдан авахаар төлөвлөж байгаа талаар “The Information” цахим хуудсанд эх сурвалжаас эш татан мэдээлж байв. “Hugging Face” компанийг 13 тэрбум гаруй ам.долларын үнэлгээгээр зарах хувилбарыг хэлэлцэж байгаа тухай үүнээс өмнө “Business Insider” цахим хуудсанд мэдээлж байсан юм. 2023 онд тус компани 4.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв.
“Hugging Face”-ийг худалдан авч байгаа нь “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуангийн хувьд хиймэл оюуны хэрэглээг өргөжүүлэх, хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд хийж буй хамгийн том алхам болж байна гэж “Bloomberg” бичжээ.
Энэхүү хэлцэл нь хөгжүүлэгчид хиймэл оюуны загвараа хуваалцдаг гол платформуудын нэгийг хяналтдаа авах боломжийг “Nvidia”-д олгоно. Томоохон хөгжүүлэгчид “Nvidia”-гийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц чипүүдийг үйлдвэрлэж буй энэ үед нээлттэй эх код бүхий олон тооны загварууд нь хиймэл оюуны чип, төхөөрөмжийн зах зээл дэх компанийн давамгай байр суурийг хадгалахад тус дөхөм болно гэж Nvidia-гийн удирдлага үзэж байгаа аж.