Төв банкуудын алтны төлөөх шинэ стратеги

Дэлхийн улс орнууд алтны нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнийгээ хаана хадгалах вэ гэдэгт улам их анхаарах болжээ. Үүний нэг жишээ нь Нидерландын Төв банк /DNB/ юм. Тус банк энэ оны гуравдугаар сараас наймдугаар сарын хооронд АНУ, Канадад хадгалж байсан алтныхаа нийт 86 тонныг Лондон руу шилжүүлсэн байна.

Гэхдээ энэ нь Нидерланд улс АНУ-д итгэхээ больж, алтаа Америкийн нутаг дэвсгэрээс бүрэн татаж байгаа гэсэн үг биш. Харин хямрал, геополитикийн хурцадмал байдал үүссэн үед алтныхаа нөөцийг аль болох хурдан ашиглах боломжтой байлгахын тулд хадгалалтын байршлаа өөрчилж байгаа хэрэг юм.

ХААШАА ШИЛЖҮҮЛСЭН БЭ?

Нидерланд улс алтаа эх орондоо авчрахын оронд Лондон руу шилжүүлэх болсон. Учир нь Лондон бол дэлхийн алтны худалдааны хамгийн том төвүүдийн нэг юм. Тэнд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн алтны зах зээл төвлөрсөн байдаг. Тиймээс Нидерланд санхүүгийн хямралд орсон тохиолдолд Лондонд хадгалж буй алтаа хурдан зарж, мөнгө болгох боломжтой.

Жишээлбэл, олон улсын санхүүгийн систем доголдож, төв банканд богино хугацаанд их хэмжээний мөнгө шаардлагатай болсон үед биет алт нь ашиглаж болох нөөцийн нэг хэлбэр юм.

Харин алт нь хаа нэгтээ хол хадгалагдаж байвал түүнийг авчрах, худалдах зэрэгт илүү их хугацаа шаардагдана. Тиймээс Нидерландын хувьд асуудал нь “Алт хаана хамгийн найдвартай вэ?” гэхээс гадна “Шаардлагатай үед бид алтаа хэр хурдан ашиглаж чадах вэ?” гэсэн асуулт болж байна.

Нидерланд 86 тонн алтаа шилжүүлсний дараа тус улсын Нью-Йорк хотод хадгалагдаж байсан алтны хэмжээ 31.3 хувиас 18.5 хувь болж буурчээ. Канад дахь алт мөн 19.7 хувиас 18.5 хувь болж багассан байна. Харин Лондонд хадгалж буй алтны хэмжээ эрс нэмэгдсэн байна.

Нидерланд улс өмнө нь ч АНУ-д хадгалж байсан алтаа шилжүүлж байжээ. Тодруулбал, 2014 онд Нидерландын Төв банк Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкнаас 122.5 тонн алтыг эх орондоо буцаан авчирсан. Тухайн үед Нидерландын банк санхүүгийн хямрал гарвал алтны нөөцөө өөрийн улсад хадгалах нь илүү тохиромжтой гэж тайлбарлаж байв. Харин энэ удаад болзошгүй хямралын үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой байхаар Лондонд хадгалах болсон байна.

ЗӨВХӨН НИДЕРЛАНД Ч БИШ

Европт зөвхөн Нидерланд улс алтны нөөцөө шилжүүлсэн юм биш. Герман 2013 онд Нью-Йорк болон Парист хадгалж байсан алтныхаа тодорхой хэсгийг эх орондоо буцаахаар шийдсэн. Мөн 2013–2017 онд Нью-Йоркоос 300 тонн, Парисаас 374 тонн буюу нийт 674 тонн алтыг Франкфурт руу шилжүүлжээ.

Германы алт гадаадад хадгалагдаж байсан нь түүхэн шалтгаантай. Хүйтэн дайны үед ЗХУ Баруун Германд довтолсон тохиолдолд алтны нөөц эрсдэлд орох вий гэсэн болгоомжлолын улмаас тухайн үеийн Баруун Герман алтныхаа ихэнх хэсгийг АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотон орнуудад хадгалуулж байв.

Харин Хүйтэн дайн дууссаны дараа нөхцөл байдал өөрчлөгдөж, Германы төв банк алтныхаа тодорхой хэсгийг эх орондоо авчрах боломжтой болсон байна. Гэхдээ Герман бүх алтаа буцаагаагүй. Нью-Йоркт одоог хүртэл их хэмжээний алт хадгалсан хэвээр байдаг аж.

Уг жишгээс харахад улс орнууд бүх алтаа заавал эх орондоо авчрах шаардлагатай гэж үздэггүй. Харин эрсдэлийг хуваарилж, алтаа хэд хэдэн газарт хадгалах нь илүү зөв гэж үздэг.

Австри мөн 2015 онд алтныхаа хадгалалтын байршлыг өөрчлөхөөр шийджээ. Тухайн үед тус улсын алтны нөөцийн ойролцоогоор 80 хувь нь Лондонд хадгалагдаж байсан. Харин цаашид нийт алтныхаа 50 хувийг Австрид, 30 хувийг Лондонд, 20 хувийг Швейцарт хадгалахаар төлөвлөсөн байна.

Энэтхэгийн Төв банк мөн сүүлийн жилүүдэд алтныхаа хадгалалтыг өөрчилж байгаа. 2026 оны гуравдугаар сарын байдлаар Энэтхэг 880.52 тонн алтны нөөцтэй байснаас 680.05 тонн буюу 77 гаруй хувиа  эх орондоо хадгалж байна. Харин ойролцоогоор 198 тонн алтыг Английн Төв банк болон Олон улсын төлбөр тооцооны банкинд хадгалж байна. Энэ нь Энэтхэг алтныхаа нөөцийн дийлэнх хэсгийг өөрийн нутаг дэвсгэрт хадгалахыг сонгосныг харуулж байна.

Төв банкуудын алт хадгалах бодлогод өөрчлөлт орж байгаа нь сүүлийн жилүүдийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотой.

Хэрэв алтыг олон улсын алтны худалдааны төвд хадгалвал шаардлагатай үед хурдан худалдах давуу талтай. Харин бүх алтаа гадаадад хадгалбал геополитикийн эрсдэл нэмэгдэнэ гэж үздэг байна.

АНУ-ЫН НӨЛӨӨ БИЙ ЮУ?

Одоогийн жишээнүүдийг хараад “улс орнууд АНУ-д итгэхээ больж, алтаа татаж байна” гэж шууд дүгнэх нь буруу аж. Герман Нью-Йоркт алт хадгалсаар байна. Австри Лондонд алт хадгалдаг. Энэтхэг мөн гадаадад их хэмжээний алт хадгалж байна. Нидерланд ч бүх алтаа Европ руу татсангүй.

Харин төв банкуудын бодлогод нэг өөрчлөлт гарч байгаа нь тодорхой болжээ. Тэд алтны нөөцийнхөө хэмжээг нэмэгдүүлэхээс гадна хямралын үед тэр алтаа ашиглаж чадах эсэхийг илүү чухалчилж эхэлжээ. Нидерландын 86 тонн алтыг Лондон руу шилжүүлсэн шийдвэр үүний нэг жишээ юм. Тус улс алтаа АНУ-аас бүрэн татаж байгаа биш. Харин геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн үед нөөцдөө хүрэх боломжтой байх, шаардлагатай бол хурдан худалдаж, мөнгө болгох боломжоо нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байршлаа өөрчилж байна.

Өнөөдөр төв банкуудын хувьд алтны тухай асуудал “Бид хэдий хэмжээний алттай вэ?” гэдгээр хязгаарлагдахаа больжээ. Харин “Хямрал гарвал тэр алт хаана байна, бид хэр хурдан зарж чадах вэ?” гэсэн асуулт улам чухал болж байна. Нидерландын шийдвэр бол энэ өөрчлөгдөж буй хандлагын нэг тод жишээ юм.

ЭХ СУРВАЛЖ: THE WALL STREET JOURNAL

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн