Испанийн засгийн газар үүсээд буй цагаачлалын хямралыг даван туулах зориулалтаар 309 сая еврогийн яаралтай санхүүжилт Сеутад олгохоор болжээ.
Сайд нарын зөвлөл Мягмар гаригт (2026.09.01) уг багцыг баталсан байна. Уг багцыг ажлын байрыг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих, аюулгүй байдлыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэхэд зарцуулах аж. Эдийн засгийн сайд Карлос Куэрпо тусламжийн багц нь 2026 оны үлдсэн дөрвөн сарын хугацаанд Сеута хотын дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 16 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт болохыг хэлжээ.
Нийт 309 сая еврог дараах байдлаар хуваарилна. Үүнд:
- 21 сая евро – эрүүл мэнд, боловсрол, шүүх болон ус цэвэршүүлэх үйлчилгээ;
- 90 гаруй сая евро – батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын байгууллагууд;
- 118 сая евро – асран хамгаалагчгүй цагаач хүүхдүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж;
- 80 сая евро – бизнес эрхлэгчдэд шууд дэмжлэг үзүүлэх, худалдааг дэмжих болон татварын хөнгөлөлт.
Куэрпо мөн тусламжийн багцыг “хямралын үед авах шаардлагатай шуурхай арга хэмжээ” гэж тодорхойлж, гол зорилго нь аж ахуйн нэгж болон ажилчдад итгэл төрүүлэх явдал гэжээ.
БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ШУУД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Бизнесийн салбарт зориулагдсан 80 сая еврогийн 36.6 саяыг шууд санхүүгийн дэмжлэг болгон зарцуулна. Ингэснээр хувиараа бизнес эрхлэгч нэг хүнд 5000 евро, компаниудад борлуулалтын орлогоос нь хамааран 10 мянгаас 150 мянган евро хүртэл олгохоор төлөвлөжээ.
Дэмжлэг авах хүсэлтнй хувиараа бизнес эрхлэгч эсвэл байгууллага есдүгээр сарын 14-нөөс эхлэн хүсэлтээ Испанийн Татварын агентлагийн цахим хуудсаар дамжуулан гаргах бөгөөд эхний санхүүжилтийг аравдугаар сарын эхээр олгохоор төлөвлөж байна.
Засгийн газрын тооцоолсноор уг арга хэмжээ 2,600 хувиараа бизнес эрхлэгч, 1,400 компанид дэмжлэг үзүүлэх аж.
Мөн хэрэглээ болон аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 14 сая евро, “Ceuta Exporta” хөтөлбөрт нэг сая евро, Сеута хотыг олон улсын аялал жуулчлалын төв болгон сурталчлахад дахин нэг сая евро зарцуулна.
Үүнээс гадна Сеута болон Мелилья хотод ажлын байраа хадгалсан компаниудын аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлтийг 50 хувиас 60 хувь болгон нэмэгдүүлэх болжээ.
Испанийн засгийн газар цагаачлалын асуудал хурцдахаас өмнө Сеутагийн эдийн засаг нь өсч, тус хотод олон жил тулгарсан зарим бүтцийн асуудал сайжирч байсан гэж үзэж байна.
Сеутагийн ерөнхийлөгч Хуан Хесус Вивас өнгөрсөн сард хотын нөхцөл байдал хүндэрч, “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан” нөхцөл үүссэн гэж анхааруулж байжээ. Үүнээс өмнө нь тус улсын засгийн газар Сеутад 168 сая еврогийн анхны тусламжийн багцыг баталсан байжээ.