АНУ-д төрсөн хүүхдэд паспорт авахын тулд эцэг эх нь иргэншил болон цагаачлалын статусаа нотлох шаардлагатай болох гэж байна. Тодруулбал, “birthright citizenship” буюу тухайн улсад төрсөн хүүхэд автоматаар тэр улсынхаа иргэн болдог журмыг хязгаарлах бодлогын хүрээнд шаардлага тавьж байгаа аж.
Энэ талаар Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Америкийн иргэншлийн утга учир, үнэ цэнийг тууштай хамгаална гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тиймээс манай паспортын өргөдөл шийдвэрлэх үйл явцад энэ зарчмыг тусгах ёстой” гэжээ.
Трампын өмнө нь гаргаж байсан захирамжийн дагуу эцэг эх хоёрын дор хаяж нэг нь АНУ-ын иргэн, аль эсвэл ногоон карттай тохиолдолд хүүхэд нь төрөхдөө автоматаар АНУ-ын иргэн болдог байсан. Гэвч Дээд шүүх энэ захирамжийг хууль бус гэж үзсэн.
Харин наймдугаар сарын 6-нд гаргасан шинэ захирамж нь өмнөхөөсөө арай өөрчлөгдсөн буюу “birth tourism”-ыг онилжээ. Энэ нь жирэмсэн эмэгтэй хүүхдэдээ АНУ-ын иргэншил авахын тулд зориудаар тус улсад зорчин ирэхийг хэлдэг. Шинэ удирдамжийн дагуу, эцэг эхийн аль нэг нь АНУ-д ажиллаж буй гадаадын засгийн газрын албан хаагч, эсвэл хүүхдээ АНУ-ын иргэн болгохын тулд залилан хийсэн, ийм зорилгоор арилжааны хэлцэл хийсэн, мөн “дайсны харьяат гадаадын иргэн” ангилалд багтсан бол тухайн хүүхдэд төрөлхөөр АНУ-ын иргэншил олгохгүй байхаар тусгажээ. Энэ хүрээнд Төрийн департамент эцэг, эхийн талаарх мэдээлэл болон тэдний иргэншил эсвэл цагаачлалын статусыг нотлох баримтыг шаардана.
Гэхдээ уг шинэ захирамж хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд одоогоор шүүхийн маргаантай байна.