“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 3 /ANADOLU/. Оросын хийг дорно зүгт дамжуулах гол чиглэлүүдийн нэг болох хий дамжуулах хоолойн “Сибирийн хүч-2” төсөл нь одоо “Байгал нуурын хүч” гэдэг нэрийн дор үргэлжлэн хэрэгжинэ. Энэ тухай ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ мэдэгдсэнийг Оросын хэвлэлүүд дамжуулж байна.

Сайдын хэлснээр, шинэ нэр өгөхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин санаачилсан бөгөөд төслийн явц нь барилгын ажлыг эхлүүлэхийн өмнөх шатанд ороод байна.  

Сайд цааш нь хэлэхдээ, Алс Дорнодод хий дамжуулах дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлсээр байгааг дурдлаа. Тухайлбал, “Сибирийн хүч” ба “Сахалин-Хабаровск-Владивосток” хийн хоолойнуудыг холбох шинэ шугамыг барьж байгаа бөгөөд “Байгал нуурын хүч” /Байгалын хүч/ төсөл нь экспортын дэд бүтцийн нэг хэсэг болох ёстой. Алс Дорнодод хийн хэрэглээ эрчимтэй өссөөр байгаа бөгөөд 2026 онд 9-10 тэрбум шоо метр байсан бол 2035 он гэхэд 34 тэрбумд хүрч өсөх төлөвтэй байна.

Сайдын хэлснээр, “Газпром” компанийн хувьд, дотоодын зах зээлийг хангахын зэрэгцээ экспортод гаргах үүргээ биелүүлэх гэсэн хоёр зорилт тулгарч байна. Хийн нөөц бол шавхагдашгүй баялаг биш тул дотоодын бүс нутгуудын хэрэгцээ ба экспортын хоорондох тэнцвэрийг хангах нь чухал гэдгийг тэрбээр онцоллоо.

“Сибирийн хүч-2” буюу шинэ нэрээр “Байгал нуурын хүч” төслийн хүрээнд Ямалын хойг дахь Тамбейн ордоос Оросын хэд хэдэн бүс нутгаар дамжуулан Монголын чиглэлд хийн хоолой барих юм. Өнгөрсөн 2025 оны есдүгээр сард “Газпром” компани болон Хятадын түншүүд “Сибирийн хүч-2” ба Монголын нутгаар дамжих “Союз-Восток” хий дамжууулах хоолойг барих тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Төслийн хүрээнд жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн