Япон улс илүү цагаар ажиллахтай холбоотой зохицуулалтаа сулруулж байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой боловч тус улсын соёлд гүн гүнзгий шингэсэн хэт их ажиллах чиг хандлага эргэн сэргэж байгаа нь шүүмжлэл дагуулах болов. Тус улсын засгийн газар өнгөрсөн долдугаар сард эдийн засгийн өсөлтийн стратегиа баталж, ажлын цагийн өнөөгийн хяналтын тогтолцоог шинэчлэхээр болсон. Үүнийг дагалдаад дээрх шийдвэр гарч байгаа аж.
Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, Японы компаниудын ойролцоогоор 40 хувь нь ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан тусгай хөдөлмөрийн гэрээний хүрээнд сард 100 хүртэлх цаг илүү цагаар ажиллуулахыг хууль ёсоор зөвшөөрдөг. Гэсэн ч эрх баригчид сард ажиллах илүү цагийг 45 цагаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөсөөр иржээ. Уг зөвлөмжийг бараг л журамтай адилтган авч үздэг байсан боловч шинэ зохицуулалтын дагуу ажилчид 45 цагаас хэтрүүлэн ажиллах боломжтой болж байгаа аж.
Японд хэт их ажилласнаас болж нас барахыг кароши гэдэг. 45 цагийн босгыг давах нь карошигийн эрсдлийг нэмэгдүүлдэг гэж мэргэжлийнхэн үзэж байгаа юм.
Шинэ журмын дагуу компаниудыг 45 цагийн дээд хязгаарыг мөрд гэж шахаж шаардахгүй. Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас тавдугаар сард явуулсан судалгааг харвал, ийм шахалт нь жижиг, дунд бизнесүүдийн 20 орчим хувийн үйл ажиллагааг хязгаарлаж байна. Ялангуяа ажиллах хүчний хомсдолтой барилга, тээвэр, зочлох үйлчилгээний салбаруудад энэ шахалт хүчтэй нөлөөлж байгаа юм.
Япон улс нэгэн цагт ажилдаа бүхнээ зориулдаг “дайчид”-аараа алдартай байв. Гэтэл 2015 онд зар сурталчилгааны аварга “Dentsu” компанийн 24 настай ажилтан хэт ядарснаасаа болж амиа алдсан нь энэ чиг хандлагыг санаж сэрэхэд хүргэжээ. Энэ үеэс хойш засгийн газар иргэдийн ажил, амьдралын тэнцвэрийг сайжруулах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн.
Хүмүүсийг илүү их ажиллахыг дэмжсэн энэ чиг хандлага нь ерөнхий сайд Санаэ Такаичигийн хэв маягтай нийцэж байгаа юм. 45 цагийн хязгаарыг мөрдөхөө больж байгаа нь сүүлийн жилүүдэд хийсэн алхмуудаасаа ухарч байгаа үйлдэл гэж шүүмжлэгчид үзэж байна.
Гэхдээ Японы бүх компани илүү цагаар ажилладаггүй. Заасан ажлын цагаас нэг минут л хэтэрч ажиллавал хууль зөрчсөнд тооцогддог компаниуд ч тус улсад байдаг ажээ.