Африкийн төв хэсэгт орших Конго улсад дэгдээд буй эбола вирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 3000 давжээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, халдварын тархалт зүүн болон зүүн хойд бүсийн хэд хэдэн мужид хүрээд байна.
Халдварын тохиолдол өнгөрсөн тавдугаар сараас хойш Итури мужид голлон бүртгэгдэж эхэлсэн. Харин одоогоор халдвар нийт зургаан мужид тархжээ.
Эрүүл мэндийн байгууллагууд Мягмар гаригт (2026.09.01) мэдээлэхдээ, Эбола вирусийн халдвар авсан хүний тоо 6186-д хүрсэн бөгөөд үүнээс 3007 хүн нас барсан гэж мэдэгдэв.
Ингэснээр халдвараас болсон нас баралтын түвшин 48.6 хувь болж байна.
Улмаар иргэд, тэр дундаа хүүхдүүдийн дунд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлжээ. Тухайлбал, Хойд Киву мужид хичээлийн шинэ жил Мягмар гаригт эхлэх үеэр сургуулийн ажилтнууд сурагчдад гараа халдваргүйжүүлэхийг сануулж байв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус уг дэгдэлтийг “бидний урьд өмнө харж байгаагүй хамгийн хурдан тархаж буй” эбола вирусийн дэгдэлт гэж Лхагва гаригт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Тэрбээр нас баралтын ихэнх тохиолдол эмчилгээний төвүүдээс гадуур бүртгэгдэж байгаа төдийгүй, өмнө нь халдвар авсан байж болзошгүй хүмүүсийн хавьтлын жагсаалтад “бүртгэгдээгүй” иргэдийн дунд ч нас баралт гарч байгааг онцолсон байна. Энэ нь халдвар дамжиж буй зарим хавьтал одоогоор тогтоогдоогүй байж болзошгүйг харуулж байгаа аж.
ДЭМБ-ын мэдээлснээр, энэ удаагийн дэгдэлтийг Бундибугёо вирус үүсгэж байгаа бөгөөд уг вирусийн эсрэг одоогоор батлагдсан вакцин байхгүй байна.
Харин Их Британи болон Канад улсад уг вирусийн эсрэг боловсруулж буй хоёр шинэ вакциныг аюулгүй байдлын туршилтад оруулж эхэлжээ.
Тедрос Адханом Гебрейесус эбола вирусийн тархалтыг хяналтад авахын тулд хариу арга хэмжээг эрс нэмэгдүүлэх шаардлагатайг хэлээд, олон улсын хамтын нийгэмлэгийг илүү их дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.