Улаанбаатар //. Ноён хутагт Өлзийтийн /Дулдуйтын/ Лувсанданзанравжаа 1842 оны үес өөрийн бүтээл хийгээд туурвил, урлал хийгээд цогцлол, эх болоод ажаа, ойр дотны улс, ихэс дээдэс, сүсэгтэн олноос өргөсөн эдийн чуулбар, нутаг орноосоо өөрөө цуглуулсан найралжуулаг эрдсүүдийн дээж бүхүй өвөрмөц нэгэн үзмэрийн сүм байгуулснаа ГИВААДИН РАВЖАЙЛИН хэмээн нэрлэж /буян дэлгэрч машид арвижсан сүм/ олноо дэлгэн үзүүлэх болжээ. Дотор агч содон зүйлсийг “Дингам” буюу “Нандин” хэмээн нэрлэж байвай.
Ноён хутагт Өлзийтийн /Дулдуйтын/ Лувсанданзанравжаа 1842 оны үес өөрийн бүтээл хийгээд туурвил, урлал хийгээд цогцлол, эх болоод ажаа, ойр дотны улс, ихэс дээдэс, сүсэгтэн олноос өргөсөн эдийн чуулбар, нутаг орноосоо өөрөө цуглуулсан найралжуулаг эрдсүүдийн дээж бүхүй өвөрмөц нэгэн үзмэрийн сүм байгуулснаа ГИВААДИН РАВЖАЙЛИН хэмээн нэрлэж /буян дэлгэрч машид арвижсан сүм/ олноо дэлгэн үзүүлэх болжээ. Дотор агч содон зүйлсийг “Дингам” буюу “Нандин” хэмээн нэрлэж байвай. Учир аваас, Ноён хутагт өөрийн хошуу нутагт бус, халх даяар ч бус, өвөрлөгч 49 хошуу, цаст Төвөдийн газарт ч зорчиж байсан тухай цэдэгт нь буй. Мөнхүү 1827, 1836 онд Бээжинд очсон нь ч тэмдэглэгдэн үлджээ.
Ийнхүү зорчсон газар орныхоо содон юмс, элдэв амьтдын хатаамал, төрөлх оронд үгүй тогос, тоть мэтийн ховор шуумлуудыг биечлэн авчирч үзмэрийн сүмдээ дэлгэн үзүүлж байжээ.
Энэхүү содон зүйлсээ сүсэгтэн олон ба дагах шавь нартаа учирлан ярьж, түүх жаягийг нь сэнхрүүлэн ойлгуулж байв. Энэ нь эгэл хар ард болоод шавь нарынхаа оюун ухамсарт машид сайнаар нөлөөлөх, нүд тайлах явдал нь мунхгийн байдлаас ангижирдгийг алсуураа ойлгуулах гэсэн хутагтын соён гэгээрүүлэх нэгэн баримжаа чиг байв.
“Гиваадин Равжайлин” нэрт үзмэрийн сүм занднаар сийлсэн төвөд ба монголоор бичсэн хаяг бүхий ордон сүм. Энэ үзмэрийн сүм нь одоогоор Төв Азийн нүүдэлчдийн түүхэнд анхны музей байсан гэж үзэх бүрэн үндэстэй юм хэмээн Музей, сургалт судалгааны төвийн захирлаар ажиллаж байсан Равжаа судлаач Г.Цагаандэрэм “Монголын суут соён гэгээрүүлэгч халхын догшин Ноён хутагт Лувсанданзанравжаа” бүтээлдээ эш дурджээ.
“Гиваадин Равжайлин” нэрт үзмэрийн сүмийг тахилч бүрнээ эрхлэн хариуцах ба зулч зул үл тасална. Тахилч бээр “Дингам” ба “Бянзодхан“-ны /Дэвтэр хөмрөглөх байшин/ дотоод ажлыг бүрнээ мэдэх бөгөөд оройд усан балинг өргөн уншлага үйлдэн “Үзмэрийн сүм”-ээ хаах бөлгөө.
Зарим тохиолд Ноён хутагт тахилчаас нэвтрэх эрх асууж сүмд морилдог байсан нь тухай сүмийн үйл ажиллагаа бат тогтмолжиж, цэгц журамтай ажилладаг байсны нэгэн гэрч ажээ.
Үзмэрийн сүм цагийн явцад элдэв үзмэр нэмэгдэн баяжсаар л байж. Хамарын хийдэд ирсэн эргэлчин мөргөлчин хэн боловч Багш хийгээд бурхад шүтээнд мөргөхөөс гадна заавал ч үгүй очдог хэдэн газартай болсны нэг нь уг “Үзмэрийн сүм” ажээ.
“Үзмэрийн сүм” нь 10 гаруй мянган үзмэртэй, гурван гол танхимтай байв. 1. Ихэс дээдсээс өгсөн бэлэг дурсгалын эд зүйлс, эмийн ургамал, эрдэс чулуулаг2. Байгалийн үнэт эрдэс бодис, ховор сонин олдворууд3. Олон түмнээс өргөсөн өргөл барьцын дээжис болой.
…Учир юун гэвэл тэндээс их зүйлийг мэдэж авахаас гадна гэртээ хариад хавь ойрынхондоо хуучилж хөөрөх арвин их сонин хачинтай болдог. Түүнээс гадна очих бүрт хэдэн шинэ юм нэмэгдсэн байдаг нь дахин үзэх хүсэл төрүүлдэг байсан хэрэг.
Говийн ноён хутагт Д.Данзанравжаа бол шашны томоохон хутагт байснаараа сүсэгтэн олон, шавь нар болон хар эгэл хүмүүсийг оюуны хэрэгцээ гэж сайхан зүйл байдгийг ойлгуулахад ихээхэн анхаарч, юм үзэж нүд тайлахын сайхан нь мунхаг дорой байхаас ангижруулдаг юм байна, улмаар бичиг үсэг сурч өөрсдөө суралцах нь чухал зүйл болохыг цайлган сэтгэлт талын Монгол хүмүүст албадаж шахалгүйгээр ойлгуулсанд гол нь байгаа юм.
Нэг ухаарвал уужуу ухаантай манай Монголчууд эргэлтгүй шамдах чанартайг олж харан өвөг дээдсийн түүх шастир, нигүүлсэл гэгээрэхүйн шат гишгүүрээр замчлан дагуулахад анхаарсан тэр үеийн бараг цор ганц гэгээнтэн бол Халхын Догшин Ноён хутагт Д.Лувсанданзанравжаа юм.
Энэ нь Манж гүрний гадаад бодлогод харш зүйл байснаас Дорно дахины 19 дүгээр зууны суут соён гэгээрүүлэгч, нууц тарнийн буюу Буддын улааны урсгалын ханьцах эрдэмтэн үгүй Хутагт байсан болохоор зарим талаар шалтаг гарвал л үгүй хийх санаа агуулж байсан нь олон зүйлийн баримтаас харагдаж байдаг.
1850-иад оны сүүлээс Манжууд төрийн бодлогоор Халхад байгаа Д.Данзанравжаагийн гэгээрлийн агуулга бүхий нандингуудыг дахин олон нийтэд үзүүлэн эгэл олныг сэнхрүүлэн гэгээрүүлэхэд хэрэглүүлэхгүй байлгахыг чухалчлан Журганы газраас энэ үйл ажиллагааг зогсоолгохоор /ер нь бол устгуулах зорилготой/ хэсэг түшмэлийг цэрэг цуухтай илгээсэн ажээ.
Хутагтын шавь нар ч үүнийг урьдчилан мэдээд яаж бүрэн бүтэн авч үлдэх аргыг төвөггүй олсон байдаг. Үзмэрийн сүм Ноён хутагтын үед 14 жил ажиллаад 1858 оноос тавдугаарын “Шарилын сүм” гэгдэх болсон аж.
1856 онд Гэгээнтэн жанч халж шавь нар нь түүний лагшинг занданшуулан уг үзмэрийн сүмд байрлуулан, байнга дэлгээтэй үзүүлж байсан үзмэрүүдийг авдар хайрцагт хийн сүмийн дотор давхарлан хураагаад голд нь ганц Гэгээнтний занданшуулсан лагшинг ил хүндэтгэлтэй байрлуулсан байдалтай болгон гадаах хаягийг “Говийн тавдугаар Ноён хутагтын Шарилын сүм” гэсэн бичигтэй болгон сольсон байна.
Манжийн эзэн хааны хууль цаазын дотор: “Ихэс дээдсийн булш бунхан тэргүүтнийг хөндсөн хэн боловчийг цаазаар аваачна.” гэсэн заалтыг тэдгээр Манжуудын өөдөөс нь үзүүлсэн явдал юм. Хэдийгээр үүрэг даалгавартай ирсэн боловч 1827 онд Манжийн хаан өөрөө “Хутагтын тамга” олгосон /олгохгүй ч байхын аргагүй эрдэмт нэгэн байсан/ болохоор аль ч талаараа Манж улс хүлээн зөвшөөрсөн ихэс дээдсийн нэг мөн тул яаж ч чадалгүй гэдрэг буцсан түүхтэй юм.
Энэ цагаас хойш сүсэгтэн олонд өдөр бүр үзүүлэхээ больж харин Ноён хутагтын таалал төгссөн Өвлийн эхэн сарын шинийн зургааны өдөр тусгай ёс үйлдэн “Гонзог” хэмээх буяны ном хуран олон түмэнд үзүүлдэг болсон аж.
Мөн олон сая судар номтой “Номын сан”, ихэс дээдсийн намтар түүхийг жүжиглэн үзүүлдэг “Намтар дуулах дацан” тэргүүтэн Манж чин гүрний гадаад бодлогод аюултай байсны учир тэдний сэтгэлийг тавгүйтүүлж, нүдийг хорсгон байжээ.
…Тэрхүү сүмийн өдөр тутам хэргийг эрдэм сайт, итгэлтэй нэгэн шавьдаа хүлээлгэн, тахил сэлтийг өргөж, зул ба сан талбиж, сүсэгтэн олонд миний мэт тайлбарыг таниулж бай хэмээн өөрийн шавь Ш.Балчинчойжоог томилжээ. Анх Ноён хутагт өөрөө тохоон томилсон нь энэ бөгөөд мөн гэгээнтний амьдралын сүүлчийн өдрүүдэд ч дэргэд нь явсан хэдхэн хүний нэг нь болой.
Гэгээнтэнд хандан Ш.Балчинчойжоо /Сахилын нэр нь Ишлодон/: -Таныхаа нандинуудыг хойч үед өөрийн ясан төрлөөрөө нандигнан амь биеэрээ дэнчин тавин хүргэх болно хэмээн андгай тавьсан түүх ийнхүү эхэлдэг. Хутагтыг 1856 онд жанч халснаас хойш түүний занданшуулсан шарил хийгээд 1500 авдар бүхий олон зүйл, шашин соёлын эд агуурсыг энэ сүмд залж, Шарилын сүм гэх болов. Тахилчид бол алин цагт ч Ноён гэгээнийхээ соён гэгээрүүлэх үйлийг чандлан дэлгэрүүлж, нандинуудыг сахин хамгаалж, дараа үеийнхэнд улбаалан хүргэх түүхэн үүрэг хүлээсэн хүмүүс болой. Гэгээнтний анхны тахилч Их шарнууд овгийн Ш.Балчинчойжоо 1856 онд их хутагтаа мөнхөлж, үйлсийг нь уламжлуулах тангараг ийнхүү өргөжээ. Тэрбээр тахилчийн ажлаа насан турш хийсээр өөрийн хүү Ган-Очиртоо уламжлуулав. Ган-Очир уламжлуулсан тахилчийн үйлийг жил гүйцэлдүүлсээр хүү Наръяад, Наръяа хүү Онгойдоо, Онгой нь хүү Гомбодоо, Гомбо нь хүү Түдэвтээ уламжлуулан 1930-аад оныг хүрсэн билээ.
Энэхүү үзмэрийн сүм тахилчаас тахилчид шилжин 1937 онтой эсэн мэнд золгосон аж. Тэр үед тахилчийн үүрэг 25 настай залуу лам Гомбын Түдэвт оногдсон түүхтэй.
…Тахилчдыг таван наснаас 25 нас хүртэл нарийн чанд горимоор дадуулж, ирэх цагт бэлддэг. 13 насанд танин мэдэхүйд чиглүүлэн хүмүүжил, нигүүлсэхүй сэтгэл, хүнлэг ёс, үнэнч шударга, шуналгүй, сэтгэл ариун хүн болгоно. Ингэж тахилчид хүн суулгадаг учиртай. Мөн 25 нас хүртэл тахилч хүний жинхэнэ хийх үйл хэргийг заан сургана. Хорин таван нас хүрэхэд монгол, төвөд хэл бичиг, дорнын шашин, гүн ухаан, нууц тарнийн эрдэм ухаанд гэгээрч, урлан бүтээх эрдэмд мэргэшүүлсэн байдаг. Ингэж чадлыг суулгадаг учиртай.
Тахилчид төрөх ёгт тэмдэг, тэднийг бэлтгэх дэг горим, хутагтын эрдэм, соёлт өв, соён гэгээрүүлэх үйлийг дэлгэрүүлэх, хадгалах, хамгаалах, ирэх цагийнханд уламжлуулах, хутагтын оюуны мандлаас дохио хүлээх тэргүүтнийг ёсчилдог билээ. Ингэж нууцад нэвтэрдэг учиртай.
Тахилчийг гурван хий нь гарсан эр хүмүүнд албан ёсоор андгай тангараг өргүүлж хүлээлгэн өгдөг ёсон бий. Үүнд:Амны хий хадгалах чадвар гарсан – нууцыгУхааны хий гарсан – цаг үедээ ончлохХөлийн хий гарсан – эд агуурсыг эзгүйдүүлэн орхиж явахгүй байх зэрэг эдгээр болно. Тангараг өргүүлэхдээ өмнөх тахилч нь багш сахиуснуудын өмнө тангараг өргүүлдэг.
…Далан жилийн улс төрийн довтолгооноос ангижирч, орос улсад өөрчлөлтийн салхи сэвэлзэн ахуйг манай улсын сэхээтэн нар мэдэрч битүүхэн дор бүрнээ оюун санааны эрх чөлөөг, итгэл үнэмшлийн эрх чөлөөг, ухамсарт амьдралынхаа эрх чөлөөг мэдрэх цагийг тэсэн ядан харуулдацгааж байв.
Говийн буйдхан сууринд ч энэ цаг үед урлаг соёл, шүлэг найраг, зураг урлалын бүтээгч нар эвсэн нэгдэж их үйл хэргийн төлөө, ирээдүйн ой санамжид Ноён хутагтаа тунхагласан юм. Нутгийн ард олон ч Ноён хутагтаа шүтэн, үйл хэргийг нь ёсчлон таниулсан Зундуйн Алтангэрэл тахилчаа сэтгэл, ухамсартаа нэгэнт баттай залсан билээ.
Ардчиллын шар морин жилийн салхи эргэлт буцалтгүй сайн цагийн дохион байвай. Дорноговь аймаг анх удаа өөрийн нутгаа Л.Одончимэд хэмээх эрхэм даргаа сонгон удирдах суудалд нь залж, улс орон маань ч, нутаг орон маань ч өөрийн эзэнтэй болж ирэв.
Тахилчийн үйл хэрэг анхлан “Үзмэрийн сүм”-ээс эхэлж байсан бол энэ цаг үед ч “Музей”-гээ дахин үүсгэж хутагтынхаа үйл хэргийг олны зүг хандуулсан учиртай билээ. Музей байгуулахаар шийдэж тэр үеийн аймгийн удирдлага болох Б.Мижид, Ш.Маналжав, Д.Хөнхөр нарт хүсэлтээ тавихад нэлээд ярилцсаны эцэст дэмжиж байр байшин өгөхөөр болжээ.
Ингээд зураач багш Г.Цагаандэрэм, МХЗЭ-ийн хорооны дарга Ц.Цэнгэл, зохиолч Б.Төмөрпүрэв, Л.Эрдэнэбат, театрын зураач Б.Гүрбазар, мужаан Б.Балдандорж, Д.Буянтогтох нарын хүмүүс хамтран ажиллаж сүсэгтэн олон ч хандив тусламж өргөж эхэлсэн байна. Ийнхүү олны дэмээр музейн байртай ч болж, Ноён Хутагтын нандинуудаар Улаанбаатар хотноо гурван ч удаа үзэсгэлэн гаргасан түүхтэй.
Энэ түүх бол Дорноговийн түүхэнд үе дамнан яригдах чухал үйл явдал. Энэ үйл явдлыг голлон, нутгийн олноо, сүсэгтэн бүхнээ чиглүүлсэн хүмүүн бол яахын аргагүй Алтангэрэл тахилч билээ.
Энэхүү түүхэн үйлийг хураан дүгнэвээс нүүдэлчдийн анхны музей 184 жилийн тэртээ эдүгээх орчин цагийн музейн дэг горимыг ёсчлон сахидаг албажсан газар байсан ба соён гэрээгүүлэх, хадгалан хамгаалах, арчлан додомдох, тайлбарлан таниулах үүргээ нэр төртэй, тогтсон хатуу ёс номтой эрхэлж байсан нь Монголын анхан музей Хамарын хийднээ цогцолсон “Гиваадин Равжайлин” нэрт үзмэрийн сүм болой.
Энэхүү музей үүссэн цагаас эхлэн хором ч үүргээсээ ухраагүй ба орчин цагийн шар морин жилийн хувьсгалаас дахин дэлгэрч эдүгээ “Говийн Ноён хутагтын музей” хэмээн түмнээ зарлагдан, наймдугаар үеийн тахилч А.Алтан-Очирын удирдлага дор соёл гэгээрлийн нэгэн төв болон ажилласаар байв.
Ноён Хутагт Дулдуйтын Данзанравжаагийн наймдугаар үеийн Тахилч А.Алтан-Очирын гэргий С.Үржинбадам энэ цагийн үйл бүтээлийг дэлгэрүүлэх, нандин өвүүдийг харгалзан хамгаалах, музейн тогтмол үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.
Бид Хутагтынхаа үйл бүтээл, сургаал номнолыг нутгийн зон олон, монголын ард түмэн, ерөөс ертөнцөд агч, зорин ирсэн хэн бүхэнд нээлттэй, дэлгэр хүргэхээр зорин хөдөлмөрлөсөөр байгаа билээ.
Хутагтын бүтээлүүдийг төрөлжүүлэн хэвлүүлэх, судалгааны эргэлтэд оруулах, хүүхдэд зориулсан ном, сурах бичиг, өмнө нь хэвлэгдсэн бүтээлүүдийг нэмэн засварлаж, дэлгэрүүлэх, боловсролын ажил, Нүүдлийн музей, олон улсын Соёлын болон шашны байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах, Тахилчдын зорьсон үйл бүтээлийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийн төлөөнөө зорьж байна.
Орчин цагийн аяс байдлын боломж, ухаалаг хэрэглүүрүүдийг ашиглан, цахим музей болох, оюун ухаант төхөөрөмжүүдээр олон нийтэд шуурхай хүргэн танилцуулах, мэдээллийн сувгууд, өөрийн цахим хаягуудаар дотоод болон гадаад үйл ажиллагаагаа түмэнд хүргэсээр байна.
Энэхүү нандин үйл хэргийг үеийн үед дэмжин тусалж ирсэн, үүний төлөөнөө ухамсарт амьдралаа зориулан хөдөлмөрлөсөн, бүтээхэд тусалсан, хандив бэл өргөсөн хэн бүхнийг бид халуун элгэмсгээр угтан авч, үйлс бүтээлийн дэлгэрийг хүссээр байдаг билээ.