Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.08.24-2026.08.30)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 13.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 23.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Инвескор ББСБ ХК, Хаан банк ХК, Тэнгэр даатгал ХК болон АПУ ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 4 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:
- Эм Жи Эл Акуа ХК (MGLA) – 5.18 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 289.56 үнээр, нийт 1.5 тэрбум төгрөгөөр;
- Эм Жи Эл Акуа ХК (MGLA)– 11.14 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 291.19 үнээр, нийт 3.2 тэрбум төгрөгөөр;
- Тэнгэр даатгал ХК (TGI)– 625 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 800 үнээр, нийт 500 сая төгрөгөөр;
- Инвескор ББСБ ХК (INV)– 439 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 7,970 үнээр, нийт 3.5 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагджээ.
Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд эерэг үзүүлэлттэй байлаа. MSE B индекс 3.85%-ийн өсөлтөөр хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол MSE A индекс 2.87%-иар, TOP 20 индекс 2.11%-иар тус тус өсөв. Харин FTI индекс 0.22%-иар буурч, 1,072.11 нэгжид хүрсэн байна. Индексүүдийн өсөлтөөс харахад долоо хоногийн туршид өргөн хүрээний хувьцаанд худалдан авах сонирхол нэмэгдэж, ялангуяа MSE B индексийн өсөлт харьцангуй өндөр байсан нь тус ангилалд багтдаг хувьцаануудын арилжааны идэвх нэмэгдсэнтэй холбоотой байж болохоор байна. TOP 20 индекс 57,861.73 нэгжид хүрч, 2.11%-ийн өсөлт үзүүлсэн нь зах зээлийн томоохон компаниудын хувьцаанд эерэг хөдөлгөөн давамгайлсныг харууллаа. Харин FTI индексийн бага хэмжээний бууралт нь тус сангийн нэгж эрхийн ханшид харьцангуй сул хөдөлгөөн гарсныг илэрхийлж байна.
“ТАВ” ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА
Монголын хөрөнгийн зах зээлийн III ангилалд бүртгэлтэй байсан “ТАВ” ХК-ийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны бүртгэлээс албан ёсоор хаслаа.
“ТАВ” ХК нь 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржид албан хүсэлт хүргүүлж, өөрийн үнэт цаасыг биржийн бүртгэлээс хасуулах хүсэлтийг гаргасан байна. Үүний дагуу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 114,737 ширхэг хувьцааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/382 тоот тушаалын дагуу бүртгэлээс хасжээ.
COP17: МОНГОЛ УЛСАД 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХОЛИМОГ САНХҮҮЖИЛТ, 200 САЯ ЕВРО ХҮРТЭЛХ ОЙН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖ БҮРДЭВ
Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17–28-нд зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр Монгол Улс газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын санхүүжилт татах хэд хэдэн чухал түншлэлийг эхлүүллээ.
Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB) болон Монгол Улсын Засгийн газар €200 сая хүртэлх санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр Эрмэлзлийн бичигт гарын үсэг зурсан байна. Тус хөтөлбөрийн хүрээнд €20 сая хүртэлх Европын Холбооны буцалтгүй тусламжийг техник, мэргэжлийн дэмжлэгт, €100 сая хүртэлх EIB-ийн хөнгөлөлттэй зээлийг тогтвортой ойн аж ахуй, байгаль хамгаалал, доройтсон газрын нөхөн сэргээлтэд чиглүүлэхээр төлөвлөжээ. Үлдсэн санхүүжилтийг түнш байгууллагуудаас дайчлах боломжтой.
Үүнээс гадна Монгол Улс Дэлхийн Банк Групптэй “Тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежмент” хөтөлбөрийг эхлүүлж, газрын хамгаалал, нөхөн сэргээлт болон уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй байдлыг дэмжих $100 сая хүртэлх холимог санхүүжилтийн боломжийг нээжээ.
Эдгээр санхүүжилт нь зөвхөн байгаль орчны төслүүдээр хязгаарлагдахгүй бөгөөд орон нутгийн бизнесийг хөгжүүлэх, ногоон ажлын байр бий болгох, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлд зарцуулагдах боломжтой. Ийнхүү газрын нөхөн сэргээлт, ойн аж ахуй, бэлчээрийн менежмент зэрэг салбаруудыг урт хугацааны хөрөнгө оруулалтын төсөл болгон хөгжүүлэх суурь тавигдаж байна.
Дүгнэвэл, COP17 нь Монгол Улсын хувьд цөлжилт, газрын доройтлын асуудлыг зөвхөн байгаль орчны бодлогын хүрээнд бус, хөрөнгө оруулалт, санхүүжилт, орон нутгийн эдийн засгийн өсөлттэй холбох шинэ боломж нээсэн арга хэмжээ боллоо. Харин дээрх санхүүжилтийн дүнгүүд нь шууд улсын төсөвт орж ирэх мөнгөн хөрөнгө бус, тодорхой шалгуур хангасан төсөл, хөтөлбөрөөр дамжин татагдах санхүүжилтийн боломж гэдгийг анхаарах нь зүйтэй.
МОНГОЛБАНК НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭВ
Монголбанк наймдугаар сарын 26-нд COP17-д оролцож буй Люксембургийн Тогтвортой санхүүжилтийн холбоо (LSFI), Канадын Toronto Centre, Нидерландын хөгжлийн банк (FMO), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD), Азийн Хөгжлийн Банк (ADB) зэрэг олон улсын байгууллагуудтай уулзаж, тогтвортой болон ногоон санхүүжилтийн бодлого, зохицуулалт, уур амьсгалын эрсдэлийн удирдлага болон санхүүгийн тогтвортой байдлын асуудлаар санал солилцлоо.
Уулзалтуудын хүрээнд Монголын санхүүгийн салбарын тогтвортой санхүүжилтийн бодлого, шилжилтийн төлөвлөгөө, хэмжилт, тайлагнал болон баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудаас техникийн туслалцаа авах, мөн мэдлэг, туршлага солилцох түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Энэ нь Монгол Улс ногоон санхүүжилтийг зөвхөн “ногоон зээл олгох” түвшинд бус, төслийн байгаль орчны үр нөлөөг хэмжих, мэдээллийг тайлагнах, гуравдагч талаас баталгаажуулах зэрэг олон улсын стандартад нийцсэн санхүүгийн экосистем болгон хөгжүүлэх чиглэлд анхаарч байгааг харуулж байна.
Монголбанкны мэдээллээр 2026 оны I улирлын байдлаар банкны салбарын ногоон зээлийн үлдэгдэл ₮2.55 их наяд хүрч, нийт зээлийн багцын 5.7%-ийг эзэлж байна. Монголбанк одоогийн өсөлтийн хурдаа хадгалсан тохиолдолд 2026 онд ногоон зээлийн эзлэх хувийг 6%, 2030 он гэхэд 10% хүргэх боломжтой гэж үзэж байна.
Мөн ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанк ногоон барилгын зээлийн эрсдэлийн жинг 75% болгон бууруулсан бөгөөд ингэснээр банкны шаардлагатай хөрөнгийн хэмжээг бууруулж, ногоон зээл олгох боломжийг нэмэгдүүлэх зорилготой байна. Байгальд ээлтэй автомашин болон өрхийн эрчим хүчний үр ашгийг дэмжих ногоон хэрэглээний зээлийн дээд хугацааг мөн 60 сар хүртэл сунгасан байна.