Сербийн теннисчин Новак Жокович АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний /US Open/ эхний тойрогт Аргентины тамирчин Мариано Навоне-д 6:7 (5:7), 7:5, 6:4, 2:6, 1:6 харьцаагаар хожигдсоноор цаашид тоглох боломжгүй боллоо.
Ингэснээр Жокович 2006 оны Австралийн нээлттэй тэмцээнээс хойш анх удаагаа Их дуулгын тэмцээний II тойрогт шалгарч чадсангүй. Одоогоор Эрэгтэй мэргэжлийн теннисчдийн холбооны /АТР/ чансааны 5-д бичигдэж буй тэрбээр сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаагаа ТОП-10-аас бууж магадгүй байна.
Өдгөө 39 настай Жокович тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдэд 101 удаа түрүүлснээс Их дуулгын тэмцээнүүдэд 24 удаа түрүүлсэн нь эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл дэх дээд амжилт юм. Мөн 2024 оны Олимпод аваргалж, 2008 оны Олимпоос хүрэл медаль хүртэж, Дэвисийн цомыг /2010/ өргөж байв. Түүнээс гадна Жокович дэлхийн чансааг 428 долоо хоногийн турш тэргүүлсэн нь үнэмлэхүй дээд амжилт юм.
Энэ улиралд Жокович US Open тэмцээнд 20 дахь удаагаа оролцсон бөгөөд энэ үзүүлэлтээр Жимми Коннорс (22), Андре Агасси (21) нарын дараа бичигдэж байна.