АНУ Венесуэлийн газрын тосны олборлолтын 55 хувийг хянана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн батлагдсан газрын тосны 65 тэрбум гаруй баррель нөөцийн дийлэнх хэсгийг АНУ хянах тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ.

Трамп Баасан гаригт /2026.06.28/ олон нийтийн сүлжээндээ АНУ, Венесуэл газрын тосны асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж бичжээ. Түүний хэлснээр, уг хэлэлцээр АНУ-ын газрын тосны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын нийлүүлэлтийг ихээхэн өсгөнө. Мөн бензиний үнийг урт хугацаанд бууруулахад нөлөөлнө гэж Трамп мэдэгдсэн байна. АНУ-ын Засгийн газрын албан тушаалтны мэдээлснээр, шинэ хэлэлцээний дүнд Венесуэлийн газрын тосны нөөцийн 55 хувийг АНУ хянах аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг хэлэлцээ Венесуэлийн эдийн засагт ойролцоогоор 100 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татаж, өндөр цалинтай олон мянган ажлын байр бий болгоно гэжээ.

Венесуэлийн газрын тосны олборлолт АНУ-ын хориг арга хэмжээ болон бусад хүчин зүйлээс шалтгаалан буурч, газрын тосны дэд бүтцийн ихэнх хэсэг хуучирсан байна. Харин уг хэлэлцээ богино хугацаанд АНУ-ын бензиний үнийг бууруулах эсэх нь тодорхойгүй. Учир нь Венесуэлийн газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхэд хэдэн жил шаардагдаж болзошгүй гэж “Reuters” мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн