4.3 сая долларын үнэтэй зүүлт хулгайд алдагджээ

Австрийн нийслэл Вена хотын Хэрэглээний урлагийн музейгээс 673 ширхэг алмаазаар чимэглэсэн, 4 сая гаруй ам.долларын үнэлгээтэй цагаан алтан зүүлт хулгайд алдагджээ. Хулгай өнгөрсөн Пүрэв гаригт буюу наймдугаар сарын 27-нд музей ажиллаж байх үеэр гарсан байна. Хоёр эрэгтэй энгийн үзэгчдийн адил музейд нэвтрэх тасалбар худалдаж аван орж ирээд, үзэсгэлэнгийн танхимд байрлах шилэн хоргыг алх ашиглан хагалж, үнэт зүүлтийг авч зугтжээ.

Цагдаагийн мэдээлснээр, сэжигтнүүд нүүрээ халхлаагүй байсан тул музейн хяналтын камерын бичлэгт тэдний дүрс тодорхой үлдсэн байна.

Хоёр этгээд зүүлтийг авсныхаа дараа музейгээс гарч, ойролцоох Вена хотын цэцэрлэгт хүрээлэн буюу Штадтпаркын чиглэлд зугтжээ. Мөн сэжигтнүүдийн нэг нь галт зэвсэгтэй байсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ. Тухайн үед музейд бусад үзэгчид болон хамгаалалтын ажилтнууд байсан. Гэхдээ гэмт этгээдүүд зэвсэгтэй байж болзошгүй тул зогсоох гэж оролдоогүй байна.

Хулгайд алдсан зүүлт нь Францын алдарт үнэт эдлэлийн “Van Cleef & Arpels” компанийн бүтээл бөгөөд Египетийн хуучин хааны гэр бүлд зориулан урласан түүхтэй.

Тус зүүлтийг Египетийн хатан хаан Назли 1939 онд охин Фавзиа гүнжийнхээ хуримын үеэр зүүж байсан гэдэг. Фавзиа гүнж тухайн үед Ираны угсаа залгамжлах хунтайж, хожмын шах Мохаммад Реза Пехлевитэй гэрлэжээ.

Зүүлт нь нийт 673 ширхэг алмаазтай бөгөөд тэдгээрийн нийт жин 200 гаруй карат юм.

Энэхүү үнэт эдлэлийг 2015 онд Нью-Йорк дахь “Sotheby’s” дуудлага худалдаагаар 4.3 сая ам.доллараар худалдаалж байжээ. Одоогийн зах зээлийн үнэ хэд болсон талаар цагдаагийн байгууллага тодорхой мэдээлээгүй байна.

Зүүлт нь “Van Cleef & Arpels”-ийн бүтээлүүдийг танилцуулсан “Glanzstücke” үзэсгэлэнд тавигдаж байсан. Тус үзэсгэлэнд хэдэн зуун үнэт эдлэл дэлгэгдсэн байжээ. Үзэсгэлэн есдүгээр сарын 27 хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байсан ч хулгайн дараа музей үзэсгэлэнгийн хэсгийг түр хугацаанд хаасан байна.

Хэрэг гарсны дараа Австрийн цагдаа сэжигтнүүдийн царайг харуулсан хяналтын камерын бичлэгийг нийтэд дэлгэж, тэдний талаар мэдээлэлтэй хүмүүсийг холбогдохыг уриалжээ. Мөн эрэн сурвалжлах ажиллагааг Австрийн хилээс гадна өргөжүүлэн явуулж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн