Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалт Киргизстаны нийслэл Бишкек хотод өнөөдөр /2026.08.31/ эхэлж байна.
ШХАБ нь Хятад, ОХУ-ын тэргүүлдэг олон улсын байгууллага бөгөөд гишүүн орнууд, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн бусад асуудлыг хэлэлцдэг. Тус байгууллагад Хятад, ОХУ-аас гадна Энэтхэг, Иран болон Төв Азийн орнууд багтдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид болон бусад улсын төлөөлөгчдийг оролцуулан 20 орчим орны төрийн тэргүүн хоёр өдрийн уулзалтад оролцоно.
Уулзалтаар олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг олон асуудлаар байр сууриа солилцох төлөвтэй байна.
Мөн Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр уулзахаар төлөвлөжээ. Тэд уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дахин бататгах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, Хятад улс дээд хэмжээний уулзалтыг ашиглан ОХУ, Иран болон бусад оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаагаа харуулахыг зорьж байна.
Мөн Ши Жиньпин есдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байгаа тул ШХАБ-ын уулзалтуудыг ашиглан Хятадын олон улсын дипломат нөлөөг харуулахыг зорьж байгаа гэж ажиглагчид үзэж байна.
Харин ОХУ-ын хувьд барууны орнуудтай харилцаа улам хурцдаж байгаа энэ үед ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг ашиглан Москва олон улсын тавцанд тусгаарлагдаагүй хэвээр байгааг харуулахыг зорьж байгаа гэж шинжээчид дүгнэжээ.