Монголын сагсан бөмбөгийн шинэ үе маргааш эхэлнэ

Хэдхэн жилийн өмнө Монголын сагсан бөмбөг талцал, хуваагдалд автаж, Азийн наадмаас өөр том тэмцээнгүй үеийг өнгөрүүлж байлаа. Эцэст нь талууд нэг талдаа гарч, эвлэлдсэн. Үүний хүчинд Монголын шигшээ баг эх орондоо Азийн наадмын урьдчилсан шатны тоглолтуудад оролцож, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны чансаанд орж чадсан түүхтэй.

Гэхдээ монголчуудын хувьд үүнээс илүүг хүссэн, шунасан. 2025 оны Азийн наадамд Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг бүрэн хүчээ гаргаагүй. Эхний хоёр шатыг дөнгүүр давсан ч гурав дахь даваандаа харамсалтайгаар Гуамын ард бичигдсэн.

Харин одоо илүү залуу, илүү өндөр, илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй эргэн ирж байна. Улаанбаатар хотноо маргааш/2026.08.28/ 2029 оны Азийн аваргын урьдчилсан шатны төлөөх эхний үеийн тоглолтууд эхэлнэ.

Монголын шигшээ багийн өрсөлдөх D хэсэгт Тайланд, Вьетнам, Фижи гэсэн гурван улс бий. Үүнээс хоёр баг нь дараагийн үе рүү шалгарна.

Ерөнхийдөө урьдчилсан шатны өрсөлдөөнийг зүүн болон баруун Ази гэж хоёр хуваасан. Баруун бүсэд нь Казахтсан, Кувайт, Киргизстан, Бахрайн тэргүүтэй арван улс бий. Харин Монголын багтсан зүүн бүсэд нь Малайз, Тайланд, Вьетнам, Хонг Конг зэрэг эчнээ найман өрсөлдөгчид багтсан.

Дээрх 18 багаас найм нь үндсэн урьдчилсан шатанд өрсөлдөнө. Тэднийг өмнөх 2025 оны Азийн наадмын үндсэн шатанд өрсөлдсөн 16 баг хүлээж байгаа гээд тун урт зам бий.

Монголын сагсан бөмбөгийн тод төлөөлөл болсон “89” оныхны үе албан ёсоор дуусч, шинэ үеийн эхний тэмцээн нь энэ болж байна. Ш.Энхийн-Од эцэст нь шигшээ багаа манлайлан Азийг дайлаар мордоно. Одоогийн багийн хамгийн ахмад нь л 1996 оны О.Эрдэнэцогт гэхээр зүсээ хувилгасан баг бүрджээ.

Энэ удаагийн боломжийг Монголын шигшээ баг алдаж болохгүй. Хэрэв 2029 оны Азийн аваргыг өнжвөл 2030 он хүртэл олон улсын тэмцээнгүй болно. Тиймээс маш чухал тоглолтууд хүлээж байна.

Монголын шигшээ баг дөрвөн жил тутам Азийн наадамд оролцдог байсан ч энэ жил Азийн наадамд оролцох багуудын тоог 16 байсныг 12 болгон бууруулсан. Тиймээс Японы Айчи мужийн Нагоя хотноо болох Азийн наадамд эрэгтэй шигшээ баг оролцохгүй.

Монголын шигшээ багийн хуваарь:

  • 2026.08.28-ны өдөр 19:00 цагт Монгол – Вьетнам
  • 2026.08.30-ны өдөр 19:00 цагт Фижи – Монгол
  • 2026.08.31-ний өдөр 19:00 цагт Тайланд – Монгол

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн