Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 27 //. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын өнөөдрийн үйл ажиллагаа “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” сэдвээр үргэлжилж байна.
Тус сэдвийн хүрээнд хөрснөөс хүнс, бэлчээрээс мал аж ахуй, нөхөн сэргээлтээс тогтвортой үйлдвэрлэл хүртэлх харилцан уялдаатай асуудлыг хөндөж, цуврал хэлэлцүүлэг зохион байгууллаа. ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, “Сэдэвт өдрийн хүрээнд хүнсний тогтолцоо, түүний хангамж, хөрс хамгаалал, судалгаа шинжилгээний дүнг хэрхэн бүтээлчээр ашиглах тухай асуудлыг олон улсын түвшинд авч хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж буй сайн туршлагаас хуваалцаж байна.
Өнөөдөр дэлхий нийтээрээ ихээхэн хүндрэлтэй цаг үеийг туулж байна. Зөрчилдөөн мөргөлдөөн хурцадмал энэ цаг үед аль болох хамгийн ойр, хамгийн чанартай, хүртээмжтэй хүнсийг үйлдвэрлэх мэдлэгүүдийг бий болгох нь чухал байна. Үүний зэрэгцээ манай орны хувьд улирлын чанартай үйлдвэрлэлийг бууруулах, жигд ажиллагаанд шилжих шаардлагатай” гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр хөрсний доройтлыг бууруулахын зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээмжийг тогтвортой хадгалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодит туршлагаасаа хуваалцсан юм. Тухайлбал, Бразил Улс 2010 оноос нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлж, сүүлийн 15 жилд 37 сая гаруй га газрыг нөхөн сэргээсэн байна.
Оролцогчид сайн туршлагыг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд тогтвортой бодлого, хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шаардлагатайг тэмдэглэж, эрүүл хөрс нь бүтээмжтэй газар нутаг, тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын үндэс гэдэгт санал нэгдсэн юм.