, 2026 оны наймдугаар сарын 26Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) буюу НҮБ-ын конвенцод нэгдэн орсон улс орнуудын төлөөлөл энэ сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хуран цуглараад байна.
Энэ үеэр тэдгээр улсын орнуудын Засгийн газар, бизнес санхүү, судалгаа шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн болон уугуул иргэд, мал аж ахуй эрхлэгчид, жижиг фермерүүд, жендэр болон залуучуудын бүлгийн төлөөллүүд цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн давах туулах тухайд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, түншлэлийг эхлүүлэн, шийдвэр гаргах үйл явцыг хурдасгаж буй юм. Тус бага хурлыг зохион байгуулахдаа Цэнхэр болон Ногоон гэсэн хоёр бүсэд хуваасан бол өдөр бүрийг аль нэг сэдэвт зориулж, асуудлыг энгийнээс шийдвэр гаргах түвшинд хүртэл дагнан авч хэлэлцэх боломжийг олгож байна.
Иймд уг бага хурлын өнөөдрийн үйл ажиллагаа “Газар ба хүмүүс” сэдэв рүү чиглэж байв. Өнөөдрийн онцлох сэдвүүдийг багцалж авч үзвэл,
– Бэлчээрийн нөхөн сэргээлт, малчдын ахуй байдал,
– Монголын бэлчээрийн тэсвэржилтийн туршлага,
– Бэлчээрийн нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалт,
– Орон нутгийн болон уугуул иргэдийн оролцоо,
– Эмэгтэй малчдын манлайлал,
– Залуучууд, газар ба амьжиргаа зэрэг болно.
Өөрөөр хэлбэл, тус сэдэвчилсэн өдрөөр газар нутгийг хамгаалан, зүй зохистой ашиглаж ирсэн иргэдийн дуу хоолойг хэлэлцүүлгийн төвд авчрах, уугуул болон орон нутгийн иргэд, малчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хуримтлуулсан туршлага, уламжлалт мэдлэг ухааныг түгээхэд анхаарав. Тус агуулгын хүрээнд Бэлчээрийн нөхөн сэргээлт ба малчдын амьжиргааны асуудлаарх Сайд нарын хэлэлцээ өрнөв.
НҮБ болон олон улсын байгууллага зэрэг өргөн хүрээг хамарсан уг арга хэмжээг Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг нээж үг хэлсэн юм. Тэрбээр Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан болохыг онцлоод, бэлчээр нутгийн үр шим, түүний ач холбогдлыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчрах, малчид, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн оролцоо, дуу хоолойг олон улсын бодлого, шийдвэр гаргах үйл явцад бэхжүүлэх чухал боломж бүрдсэн болохыг онцлов. Түүнчлэн бэлчээрийн газар нутаг нь хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн амьжиргаа, биологийн олон янз байдал, уур амьсгалын тэсвэржилтийг хангахад чухал үүрэгтэй. Иймд бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэх шаардлагатай хэмээн тэмдэглэв.
Тус хэлэлцүүлэгт оролцож буй илтгэгчдийн хувьд, “Бэлчээр нутаг бол улс орон бүрийн хувьд үнэт баялаг юм. Тийн атал өнгөрсөн хугацаанд бэлчээр нутгийг хангалттай анхаараагүйгээс газраа алдах аюултай нүүр тулаад байна. Иймд МАА, тэдгээрийг эрхлэгчдийн амьдралыг олон зууны турш тэтгэж ирсэн газар нутгаа хамгаалахын тулд улс орнууд тус тусын салангид бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх бус, нэгдсэн бодлого, хэрэгжилтэд анхаарах шаардлагатай. Тэр дундаа, бэлчээр нутгаас хамаарал бүхий 500 сая иргэн бүр өөрсдийн эрхийг хамгаалж, шийдвэр гаргах түвшинд оролцоотой байх хэрэгтэй”-г онцолж байв.
Өнөөдрийн хувьд заасан сэдвийн хүрээнд олон тооны уулзалт хэлэлцүүлэг болж, судалгаа шинжилгээний дүнг танилцуулж, илтгэл хэлэлцүүлэг өрнөж, талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний дотор онцгойлон дурдвал зохих уулзалт бол гурван СОР-гийн даргалагч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх “From Ambition to Action: Delivering Rio Synergies across the Triple COP Year” сэдэвт өндөр түвшний яриа хэлэлцээ байлаа. Үүгээр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын даргалагч орны хувьд “Риогийн гурван конвенц”-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эхлэлийг тавив. 2026 онд Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлууд давхцаж байгаа бөгөөд Монгол Улс, Армени, Турк гурван улсад дараалан болох юм.
Ногоон бүсийн хувьд, Улаанбаатарчуудыг COP17-гийн гэрч төдийгүй оролцогч байх боломжийг олголоо. Ногоон боловсрол бол зөвхөн мэдлэгийн тухай биш өөрсдөө мэдэрч, ойлгох тухай асуудал юм. Ногоон хөгжил, цөлжилт, газрын доройтлын эсрэг олон сонирхолтой хөтөлбөр, үзэсгэлэн, технологийн шийдлүүд уг талбарт үргэлжилсэн хэвээр өнжив. COP17 ийнхүү бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, түншлэлтэй уялдуулах чухал талбар болсоор байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал маргаашийн үйл ажиллагаагаа “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд” сэдэвт чиглүүлнэ.