Риогийн конвенцуудын уялдаа холбоог хангаж ажиллахыг Монгол Улсад уриалав

Монгол Улс СОР17 хурлын даргалагч орны хувьд Риогийн конвенциудын уялдаа холбоог хангахад манлайлах нь зүйтэйг НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай Конвенцын Нарийн бичиг /CBD/ийн дарга Астрид Шомейкэр тэмдэглэлээ.  

Хатагтай Астрид Шомейкэр болон түүний баг бүрэлдэхүүнд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17-д оролцож байгаад талархал илэрхийлэх үеэр тэрбээр цаашид биологийн олон янз байдлыг хамгаалах, төсөл хөтөлбөрийн үр шимийг дээшлүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Риогийн гурван конвенцийн Талуудын бага хурал 2026 онд Монгол, Армени, БНТУ-д дараалан зохион байгуулагдаж буй нь биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлыг цогцоор нь авч үзэх, конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэх чухал боломжийг бүрдүүлж байгаа юм.

Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай конвенцод 1993 онд нэгдэн орсноос хойш Конвенцын Нарийн бичгийн даргын газар, хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж ирсэн нь манай улсын байгаль хамгааллын бодлого, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.

НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай Конвенцын Нарийн бичгийн дарга Астрид Шомейкэр, “ Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн зургаадугаар сард Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө шинэчлэн баталсан. Үүнийг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Улмаар биологийн олон янз байдлын мониторинг хийх, Үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд шаардлагатай олон эх үүсвэрт санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэх, сайн туршлага, мэдлэг солилцоог өргөжүүлж, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, институцийн зохицуулалтыг бэхжүүлэх зэргээр хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв. Мөн СBD-ийн Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

COP17-гийн хүрээнд Риогийн гурван конвенцын одоогийн болон дараагийн удирдлага уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх Өндөр түвшний яриа хэлэлцээ зохион байгуулах тухай мэдээлэл өгөх үеэрээ энэ яриа хэлэлцээ нь Турк Улсын удирдан хэрэгжүүлэх COP31-ийн даргалах явцыг эхлүүлж, Риогийн конвенцуудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны бүлэг байгуулахад чиглэж байгааг дурдсан юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн