Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн хэдэн 10 жил “Хар наймдугаар сар”, “Наймдугаар сарын хараал” гэх хэллэг харагдах болсон. Энэ нь зуны сүүлийн долоо хоногуудад л тохиолдоод байх шиг санагддаг хямралуудыг дайруулан нэрлэсэн нэг төрлийн хэвшмэл хэллэг юм.
Их Британи улсад ч үүнтэй төстэй гэмээр нэгэн хэллэг байдаг нь “silly season” буюу “дүнсгэр үе”. Энэ нь парламентын чуулган завсарлаж, хааны гэр бүлийнхэн амардаг зуны сүүлчийн нам гүм үеийг илэрхийлсэн хэллэг ажээ. “Дүнсгэр үе”-ээр Британийн хэвлэлүүдэд ач холбогдол багатай, хөнгөн сэдэвтэй мэдээ, нийтлэлүүд давамгайлдаг. Эсвэл хааны гэр бүлийнхэн эх орондоо ирснээ зарлах гэх мэт үйл явдлын мэдээ ордог.
Дээрх хэллэгүүд зарим талаараа төстэй байж болох ч агуулгын хувьд арай өөр. Өөрөөр хэлбэл, Оросынх илүү гутранги агуулгатай.
Оросын сүүл үеийн түүхийг харахад томоохон, урьдчилан таамаглахад бэрх үйл явдлууд үнэхээр л наймдугаар сард тохиосон байх нь элбэг.
Тухайлбал, 35 жилийн өмнөх наймдугаар сард ЗХУ-ын хатуу коммунист үзэлтнүүд Михаил Горбачёвын эсрэг төрийн эргэлт хийхийг оролдоод бүтэлгүйтсэн байдаг. Энэ үйл явдал нь эцэстээ ЗХУ задран унахад түлхэц болсон. Мөн 1998 оны наймдугаар сард тус улсад санхүүгийн хямрал нүүрлэж, дотоодын өр төлбөрөө төлж дийлэхгүйд хүрэн, рублийн ханш огцом унасан. Үүнээс нэг жилийн дараа Чеченийн хоёрдугаар дайн эхэлжээ. Энэ дайнаар тухайн үед улс төрд төдийлөн танигдаагүй байсан КГБ-ын ажилтан асан Владимир Путин эрх мэдлээ бэхжүүлсэн байна.
Гэвч чанга хатуугаараа алдартай шинэхэн удирдагч Путин “Наймдугаар сарын хараал”-аас мөн л зайлж чадаагүй гэдэг.
Түүний өмнө гарч ирсэн хамгийн эхний том сорилтуудын нэг бол 118 далайчинтайгаа живсэн “Курск” цөмийн шумбагчийн хэрэг байлаа. Цаашилбал, 2008 оны наймдугаар сард ОХУ хөрш Гүржтэй дайтсан. Энэ дайн Путины гадаад бодлого илүү түрэмгий болж өөрчлөгдсөнийг олон нийтэд харуулжээ.
Тэгвэл 2026 оны наймдугаар сард юу болж байна вэ? Оросын хувьд мөн л амаргүй үе тохиож байна. Фронтын шугам дагуу ОХУ-ын арми ахиц муутай, газрын тос боловсруулах үйлдвэрүүд дроны цохилтод өртсөн байдалтай, шатахуун түгээх станцууд урт дараалалтай, дайчилгааны тухай цуу яриа чих дэлссэн өдрүүд үргэлжилж байна. Үүнийг “Хар наймдугаар сар” гэж хэлэх болов уу?
Цөллөгт амьдарч буй Оросын тоймч Илья Варламов хэлэхдээ “Наймдугаар сард дахин дахин гамшиг тохиодог нь мэдээж тохиолдлын чанартай. Гэсэн ч олон олон орос хүн наймдугаар сарыг айдастайгаар хүлээдэг. Ялангуяа яг одоо бол улс орон үнэхээр хямралтай байна. Шатахууны хямрал эргэн ирлээ, үнэ өссөөр, буурах шинж алга. Рублийн ханш уналаа, сонгууль ойртлоо, цаашдаа юу болохыг хэн мэдэх вэ” гэжээ.
Мөн тэрбээр Оросын нэр хүндтэй нэгэн эдийн засагчийн мэдэгдлээс эш татжээ. Тус эдийн засагч “ОХУ нийгмийн хямралтай нүүр тулж байна. Технологи болон эдийн засгийн өрсөлдөөнд дэлхийн хэмжээнд ялагдаж явна. Украины эсрэг дайнд ч ялж чадахааргүй байна” гэж анхааруулсан аж.
Кремлийг дэмждэг “Московский комсомолец” сонин хүртэл Орост жил бүр давтагддаг наймдугаар сарын түгшүүрийг хөндсөн байна.
Гэхдээ тэд энэ удаад зурхайгаас хариултаа хайжээ. Зурхайд дурдсанаар энэ сард сар хиртэлт болно. Энэ нь хэдийгээр хамгийн том хиртэлт биш ч Плутонтой эсрэг байрлалд тохиох бөгөөд Плутоныг сүйрэлтэй холбоотой гариг гэж үздэг аж. Цаашилбал, сонины нийтлэлд “Энэ нь нийгмийн өөрчлөлт, хөрш орнуудтай харилцах улс төрийн харилцааны өөрчлөлт, дотоодын эмх замбараагүй байдлыг өдөөж болзошгүй. Осол эндэгдэл, түгшүүр ихэсч, аливаа хямрал, доголдол үүсч магадгүй” гэжээ.
Элдэв түгшүүртэй таамаглал гарсаар байгаа ч Путин итгэлтэй байдлаа хадгалсаар байна.
Украины арми өнгөрсөн долоо хоногт Оросын цахим худалдааны аварга “Wildberries”-ийн агуулахад цохилт өгсөн. Үүнээс болж учирсан эдийн засгийн хохирлыг Путин хүлээн зөвшөөрсөн ч энэ нь урт хугацаандаа ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж тайлбарлажээ. Тэрбээр “Ямар ч довтолгоо байсан сүртэй үр дагавар авчрахгүй, авчирч байгаагүй, цаашид ч авчрахгүй. Мэдээж тодорхой хэмжээний хохирол учруулж байгаа нь ойлгомжтой. Бид үүнийг ойлгож байгаа, харж байгаа, мөн бүрэн мэдэж байгаа” гэжээ.
Гэсэн ч бодит байдал дээр Украины дайн эгэл жирийн оросуудын амьдралд улам ойртсоор, тэдний халаасанд шууд нөлөөлсөөр байна. Дээр дурдсан тохиолдлууд санаандгүй байсан байж болох ч наймдугаар сар Оросын хувьд үргэлж л хатуу сорилт дагуулсаар иржээ.