АНУ-ын 40 их наяд долларын өр

АНУ-ын нийт өр 40 их наяд ам.долларт хүрч, түүхэнд байгаагүй их хэмжээнд бүртгэгдэв. Энэ нь тус улсын санхүүгийн нөхцөл байдал шинэ, ноцтой давааг туулах шаардлагатай байгааг онцлов. Удаан хугацаанд хуримтлагдсан төсвийн алдагдал, хүүгийн зардал нь АНУ-ын өрийн хэмжээг тооцоолсноос ч хурдацтай өсгөсөн байна. Тэгвэл “NEWS‘ агентлагийн “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ өр хэр их хэмжээний мөнгө болохыг онцолж байна.

Питер Жи. Петерсоны сангийн мэдээлснээр АНУ-ын улсын өр өдөрт ойролцоогоор 7 тэрбум ам.доллароор нэмэгдэж байна. Гэхдээ 40 их наяд ам.доллар гэдэг хэр их мөнгө вэ? Энэ нь 1 тэрбум ам.долларыг (3.59 их наяд төгрөг) 40 мянган удаа нийлүүлсэнтэй тэнцэнэ. Мөн 1 сая ам.долларыг 40 сая удаа нийлүүлсэнтэй тэнцэнэ. Хэрэв АНУ өдөр бүр 1 тэрбум ам.долларын өрөө төлдөг байсан бол нийт өр бараг 110 жилийн дараа л барагдаж дуусах юм. Харин өдөрт 1 сая ам.доллар төлбөл ойролцоогоор 110 мянган жил шаардагдана.

Ийнхүү АНУ-ын улсын өр 40 их наяд ам.долларт хүрсэн нь тус улсын өрийн хэмжээ ямар асар их түвшинд хүрснийг харуулж байна.

НЭГ АМЕРИК ИРГЭНД НОГДОХ ӨР  117 МЯНГАН АМ.ДОЛЛАР

АНУ-ын хүн ам ойролцоогоор 343 сая. Ингэснээр тус улсын нийт 40 их наяд ам.долларын өрийг хүн амд нь хуваавал нэг иргэнд ойролцоогоор 117 мянган ам.долларын өр ногдож байна.

АНУ-ын улсын өр сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгджээ. Тодруулбал, 2016 оны наймдугаар сард тус улсын нийт өр 20 их наяд ам.долларт хүрэхгүй хэмжээнд байсан. Хариуцлагатай төсвийн холбооны хорооны ерөнхийлөгч Маяа МакГинисийн хэлснээр “Ийм их хэмжээгээр тогтворгүй зээл авч, өр нэмэгдүүлэх нь эдийн засагт ноцтой үр дагавар авчирч, иргэдийн амьжиргааны зардлыг бууруулах хүчин чармайлтад дарамт учруулна. Мөн хууль тогтоогчид арга хэмжээ авахгүй бол өрийн аюултай мөчлөг үүсэх эрсдэлтэй” аж.

ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН 500 ХҮНИЙ ХӨРӨНГӨӨС Ч ИХ

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нийт хөрөнгө ч АНУ-ын 40 их наяд ам.долларын өртэй харьцуулахад бага байна. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр, дэлхийн хамгийн баян 10 хүний нийт хөрөнгө 2.7 их наяд ам.доллар юм. Харин АНУ-ын улсын өр үүнээс бараг 15 дахин их байна.

Бүр дэлхийн хамгийн баян 500 хүний хөрөнгийг нийлүүлсэн ч ойролцоогоор 13 их наяд ам.доллар болж байгаа нь АНУ-ын улсын өрийн хэмжээнд хүрэхгүй байна.

ДЭЛХИЙ ДЭЭР ОЛБОРЛОСОН БҮХ АЛТНЫ НИЙТ ҮНЭ ЦЭНЭЭС Ч ИХ

Дэлхийн Алтны зөвлөлийн мэдээлснээр хүн төрөлхтөн түүхэндээ нийт ойролцоогоор 220,700 тонн алт олборлосон байна. Одоогийн байдлаар алтны үнэ нэг трой унц нь 4,600 ам.доллар хавьцаа байгаа бөгөөд түүхэнд олборлосон бүх алтны нийт үнэ цэн 33 их наяд ам.доллар орчим байна. Гэсэн хэдий ч энэ нь АНУ-ын улсын өрөөс 7 их наяд ам.доллароор бага юм.

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ 5.2 их наяд ам.доллароос давжээ. Тэгвэл АНУ-ын 40 их наяд ам.долларын өртэй тэнцэхийн тулд “Nvidia” шиг компанийг долоогоос олон удаа худалдаж авах шаардлагатай. “S&P 500” индексийн хамгийн өндөр үнэлгээтэй 11 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 28 их наяд ам.доллар орчим байгаа нь ч АНУ-ын улсын өрөөс 12 их наяд ам.доллароор бага байна.

ОЛОН УЛСЫН САНСРЫН СТАНЦААС 300 ДАХИН ҮНЭТЭЙ

АНУ-ын улсын өрийн хэмжээ асар их тул ийм их хэмжээний мөнгөөр 340 ширхэг Олон улсын сансрын станц барих боломжтой гэсэн тооцоо гарч байна. Тус улсын холбооны өр Америкт нэг жилийн хугацаанд үйлдвэрлэдэг бүх бараа, үйлчилгээний нийт үнэ цэнээс ч давсан байна.

АНУ-ын дараа орох эдийн засгийн хүчирхэг таван улс буюу Хятад, Герман, Япон, Их Британи болон Энэтхэгийн ДНБ-ийг нийлүүлбэл ойролцоогоор 37 их наяд ам.доллар болно. Гэтэл АНУ-ын улсын өр 40 их наяд ам.долларт хүрээд байгаа нь эдгээр таван улсын эдийн засгийн нийлбэрээс бараг 3 их наяд ам.доллароор их гэсэн үг.

АНУ-ын иргэдийн ипотек, автомашины зээл, кредит картын өр болон оюутны зээл зэрэг нийт өр хоёрдугаар улирлын байдлаар бараг 19 их наяд ам.доллар болсон байна. Энэ нь АНУ-ын засгийн газрын нийт өрийн ердөө тал орчимтой нь тэнцэнэ. Үүний дотор зөвхөн АНУ-ын иргэдийн кредит картын өр 1.26 их наяд ам.долларт хүрчээ. Харин АНУ-ын улсын өр нь нийт кредит картын өрөөс бараг 32 дахин их байна.

АНУ-ын тэтгэврийн сангуудын нийт хөрөнгө энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 47.6 их наяд ам.доллар хүрсэн. Харин 40 их наяд ам.долларын улсын өр нь тус улсын нийт тэтгэврийн хөрөнгийн бараг 85 хувьтай тэнцэх хэмжээ юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн