Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 24 //. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр (COP17) Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) ба газрын доройтлын асуудал” сэдэвт панель хурал болов. Энэ үеэр Хүлэрт болон намгархаг газрын судалгааны мэргэжилтэн, “Wetlands International” олон улсын байгууллагын ахлах зөвлөх, Рамсарын конвенцийн шинжлэх ухаан, техникийн хяналтын зөвлөлийн гишүүн Татьяна Минаэватай цөөн хором ярилцав.
Тэрбээр хэлэхдээ, “Миний бие Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байсан доктор З.Батжаргал агсантай хамтран ажиллаж, Монгол Улсын үндэсний тайлангуудад ус намгархаг газрыг хамруулах асуудлыг анх хөндөж дэвшүүлж байсан. Энэ удаагийн бага хурлын үеэр зарим талуудын дэвшүүлсэн саналд болгоомжтой хандаж байгаа. Бидний хүргэх гол санаа бол олон улсын байгаль орчны конвенцуудын хоорондын уялдаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шаардлагатай байна. Энэхүү уялдаа холбоогүйгээр бид урагшлах боломжгүй. Иймд Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) болон Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц (UNFCCC) хоорондоо маш нягт хамтран ажиллах шаардлагатай байна. Ялангуяа эдгээр конвенцын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээ болон тайлангуудаа хооронд нь илүү сайн уялдуулах нь маш чухал юм. Улс орнууд газрын доройтлыг арилгах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох зэрэгт гол түлхүүр нь болно гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
Мөн Биологийн олон янз байдлын тухай конвенц, Рамсарын конвенц зэрэг бусад гэрээний механизмыг, тухайлбал “экосистемийн үйлчилгээ”-ний ойлголтыг ашиглах нь чухал шаардлагатай байна. Газрын доройтлыг арилгах зорилтод экосистемийн үйлчилгээг эдийн засгийн хөшүүрэг болгон оруулснаар хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд байгаль орчинг хамгаалах үйл ажиллагааг зөвхөн “ногоон” санаачилга эсвэл нийгмийн сайн дурын ажил гэж харахаас илүү эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, байгаль орчны аливаа үйл ажиллагаа тогтвортой, бодит эдийн засгийн үндэслэлтэй байх ёстой. Экосистемийг хамгаалах нь зөвхөн байгаль орчны асуудал биш, энэ нь эдийн засаг, бизнес, нийгмийн хөгжилтэй шууд холбоотой. Тиймээс бидний гол зорилго бол Рамсарын конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Газрын доройтолтой тэмцэх тухай конвенц, Биологийн олон янз байдлын тухай конвенц зэрэг олон улсын механизмуудын уялдаа холбоог бэхжүүлж, үндэсний түвшинд нэгдсэн бодлого, тайлан, эдийн засгийн хөшүүргийг бий болгох явдал юм” гэв.