Мандал хуримтлал Азийн шилдэг финтек апплейкшнаар шалгарчээ

Азийн Финтекийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asia Fintech Awards 2026”-гаас Мандал хуримтлал аппликейшн оны шилдэг “WealthTech буюу дижитал хөрөнгө хуримтлал, хөрөнгө оруулалтын технологийн шийдэл төрөлд оны шилдгээр тодорсон байна.

Тус үйл ажиллагаа нь Азийн финтекийн экосистемийн инновац, ололт амжилт, нийгэмд үзүүлж буй бодит нөлөөллийг үнэлдгээрээ онцлог юм.

Мандал хуримтлал аппликейшн таван төрөлд эцсийн шатанд шалгарсан бөгөөд шилдгээр тодорсон “WealthTech of the Year” төрөлд хүчтэй олон өрсөлдөгчтэй байжээ. Тухайлбал, Сингапурт төвтэй, дэлхий даяар 10 гаруй сая хэрэглэгчтэй “Tiger Brokers Group”-ын хөрөнгө оруулалтын платформ, мөн 1.5 сая хэрэглэгчтэй, 187.5 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг Малайзын тэргүүлэх банк болох Alliance Bank & Comarch зэрэг юм.

 
Сингапурын Финтекийн Холбооны Ерөнхийлөгч Холли Фанг үйл ажиллагааны үеэр хэлэхдээ, “Ази тивийн 4.8 тэрбум хүн амын амьдралын асуудлыг хялбар шийдвэрлэж, харилцагчдад өгч буй үнэ цэнд үндэслэж, шилдэг финтек апплейкшнуудыг шалгаруулсан”-ыг онцолсон байна.
 
Мандал хуримтлал апплейкшн нь монголчуудыг хөрөнгийн зах зээлд энгийн, хялбараар оролцох боломжийг нээж, хуримтлуулах дадлыг хэвшүүлсэн зэрэг нь уг шагналыг хүртэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Сингапурт энэ сарын 21-нд болсон шагнал гардуулах ёслолд Азийн 300 гаруй финтекийн салбарын шилдгүүд оролцжээ. Шагнал авах үеэр “Мандал Ассет Менежмент”-ийн гүйцэтгэх захирал Г.Батзориг хэлэхдээ, “Монголын финтек апплейкшн анх удаа Азийн түвшинд үнэлэгдэж чадлаа. Мандал хуримтлал 110 мянган хэрэглэгчтэй Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 45 хувьд хүрсэн хуримтлалын платформ болжээ. Бид жирийн иргэн ч хөрөнгийн зах зээлд оролцож, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломжтойг энэ бүтээгдэхүүнээрээ харуулахыг зорьсон. Тогтмол, тууштай хуримтлуулж буй хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хариулсандаа баяртай байна” гэжээ.

Ийнхүү Мандал хуримтлал аппликейшныг олон улсад үнэлж Ази тивийн шилдгээр шалгаруулсан нь Мандал Санхүүгийн Нэгдлийн олон жил хэрэгжүүлсэн стратеги, цаашлаад Монголын хөрөнгийн захын хөгжлийг дараагийн түвшинд гаргасныг харуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн