, 2026 оны наймдугаар сарын 24 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Цэнхэр бүсэд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийнхөн өөрсдийн үйл ажиллагаа болон сүүлийн үед нэвтрүүлж буй дэвшилтэт мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байна. Энэ талаар тус хөтөлбөрийн газрын Ирвэс хамгаалах төслийн мэргэжилтэн М.Мөнхзоригоос тодрууллаа.
-Танай байгууллага COP17 бага хуралд ямар оролцоотой байна вэ. COP17-гийн үндсэн зарчимтай танай ямар үйл ажиллагаа уялддаг вэ?
-Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага газрын доройтол, цөлжилтийг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах асуудлыг тусгах, булаг шанд, ус намгархаг газрыг хамгаалах, эдгээр чиглэлээр олон нийтэд мэдээлэл, мэдлэг түгээх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Мөн хүүхэд багачуудад байгаль орчны боловсрол олгох, байгалиа хамгаалах мэдлэг, зөв хандлага, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор сайн дурын эко клубүүдийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Өнөөдрийн байдлаар 23 эко клубийн сурагчидтай хамтран ажиллаж байна. Эко клубийн хүүхдүүд маань жимсний мод үрслүүлж ургуулахаас гадна хамгаалалтад авсан булаг, усны эхийн мониторинг хийх зэрэг байгаль хамгааллын ажилд бодит оролцоотой байдаг. Энэ нь хүүхдүүд байгаль орчноо танин мэдэж, үнэ цэнийг нь ойлгон, хайрлан хамгаалах сэтгэл, хандлагатай болоход чухал хувь нэмэр оруулдаг.
Байгаль хамгаалал бол эцсийн дүндээ иргэдийн сайн сайхны төлөөх үйл хэрэг юм. Бид байгаль хамгааллын үйл ажиллагааны ололт амжилт, сайн туршлагаасаа COP17 бага хурлын хүрээнд олон нийттэй хуваалцахын зэрэгцээ шинээр дэвшүүлж буй зорилт, үйл ажиллагааны чиглэлийнхээ талаар хамтрагч байгууллага, оролцогч талуудад танилцуулж байна.
Тухайлбал, “Ногоон дадал”-ын өдрөөр нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлсэн байгальд ээлтэй шийдлүүдээ танилцууллаа. Үүнд, “Мойлхон чамд баярлалаа”, “Өвөлжөөний бууцандаа ногоон тэжээл тарьсан туршлага”, “Холимог тариалангийн онцлог” сэдэвт туршлага багтаж байна.
“Мойлхон чамд баярлалаа” нь эко клубийн 10-15 насны гишүүд мойл жимсний ясыг цуглуулж, угааж цэвэрлэсний дараагаар үрслүүлж төгөл байгуулдаг аян юм. Сурагчид маань 2019-2021 оны хугацаанд нийт 7 кг үр цуглуулж үрслүүлсэн. 1-4 настай 3000 ширхэг суулгацыг хүлэмжинд болон гадаа талбайд ургуулсан бөгөөд 2024 оны тавдугаар сард мод тарих өдрөөр 600 ширхэг суулгацыг сумынхаа 120 иргэнд тус бүр таван ширхэгийг өгч, хашаанд нь тариулсан.
Энэхүү ажил нь хүүхдүүд байгаль хамгаалалд бусдыг хэрхэн манлайлж болохын сайн жишээ юм.
