Ноос, ноолуурын салбарт инновац, технологи, ногоон хөрөнгө оруулалт шаардлагатай байна

COP17-гийн Ногоон бүсэд “Монголын малын гаралтай бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ ба ногоон шилжилт” хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт, аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийн хүрээнд зохион байгуулав.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж хэлсэн үгэндээ байгальд ээлтэй үйлдвэрлэл, тойрог эдийн засаг, олон улсад өрсөлдөх чадвар салшгүй холбоотой. Байгаль орчинд ээлтэй менежментийг нэвтрүүлж, мөрдөн мөшгөх тогтолцоо, хариуцлагатай байдлыг бэхжүүлснээр зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ноолуур, ноос, арьс ширний салбарын тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, химийн аюулгүй менежментийг сайжруулах, цэвэр үйлдвэрлэл, мөрдөн мөшгөх тогтолцоо, ногоон хөрөнгө оруулалт, экспортын өрсөлдөх чадварыг нэмэх талаар санал солилцов. Панел хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Монголын малын гаралтай бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар нь зөвхөн үйлдвэрлэлийн шатнаас бус, бэлчээрийн тогтвортой менежмент, газрын доройтлыг багасгах бодлого, мал аж ахуйн тогтвортой хөгжлөөс эхэлдгийг онцоллоо. Мөн ногоон шилжилт нь байгаль орчны асуудал төдийгүй үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний үнэ цэн, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэх бизнесийн том боломж болохыг тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн үр дүнд олон улсын зах зээлд бүтээгдэхүүний гарал үүсэл, мөрдөн мөшгөх тогтолцоо, үйлдвэрлэлийн ил тод байдал улам бүр чухал болж байгааг тодотгож, инновац, технологийн шинэчлэл, ногоон хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшил-хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн