Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Бодлогыг чиглүүлэгч газрын өгөгдөл” буюу Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн газрын эрхийн баталгаатай байдлын талаарх анхны мэдээллийн сан, судалгааны үр дүнг танилцуулах үйл ажиллагаа энэ сарын 20-нд Цэнхэр бүс дэх Монгол Улсын өргөөнд боллоо.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай нээлтийн үеэр хэлэхдээ, Бэлчээрийн менежментийг олон талын оролцоонд тулгуурлан боловсронгуй болгох, газрын эрхийн баталгаатай байдлыг хангах, бэлчээрийн чанар, бүтээмжийг хадгалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, малчдын уламжлалт мэдлэг, нүүдлийн соёл, зан заншлыг хамгаалах нь цаашдын бодлого, үйл ажиллагааны чухал чиглэл болохыг онцоллоо. Түүнчлэн бэлчээрийн газрын засаглал, менежментийг боловсронгуй болгоход бодит өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалт, малчдын оролцоо, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, иргэний нийгэм болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Мөн Олон улсын газрын эвслийн ахлах мэргэжилтэн Ева Хершоу бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн газрын эрхийн баталгаатай байдлын талаарх судалгааны арга зүй, үндсэн үр дүн болон мэдээллийн сангийн ач холбогдол, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг мэдээллийн санг бүрдүүлэх хүрээнд тал хээрийн бүсэд мэдээлэл цуглуулсан практик туршлагын талаар танилцууллаа.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газрын мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны тэргүүн Ц.Алтантуяа, Монголын үндэсний газрын эвслийн дэд ерөнхийлөгч Д.Одончимэг нар судалгааны үр дүнг бодлого, практикт ашиглах боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.
Энэхүү мэдээллийн сан, судалгааны үр дүн нь дэлхийн хөгжлийн болон газрын мониторингийн тогтолцоонд уг мэдээллийг ашиглах боломж, олон улсын түвшинд харьцуулах ач холбогдлын талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга Маркос Нето, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын газрын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Уорд Ансееув нар байр сууриа илэрхийллээ.
Үйл ажиллагааны төгсгөлд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны тэргүүн Ц.Алтантуяа нар бэлчээрийн газрын эрхийн баталгаатай байдлыг дэмжих, бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх, нотолгоо болон өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр хамтын амлалт өглөө.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Олон улсын газрын эвсэл болон Монголын үндэсний газрын эвсэлтэй Дэлхийн газрын засаглалын индексийн хүрээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2025 оны 12 дугаар сарын 23-нд байгуулсан.
