Хотын дарга нар сайн туршлага, шинэ санаа, түншлэлийн загвараа хуваалцаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” болж байна.

Уулзалтыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хэлсэн үгэндээ, “Газар нутагтайгаа зохицон амьдрах нүүдлийн өв соёл хадгалж буй Монгол оронд бусад улсын адил газрын доройтол, ган гачиг, цөлжилт нь сорилт, бэрхшээлийн нэг болж байна. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, түүнээс үүдсэн шар шороон шуургын сөрөг үр дагавар нь нэг улсын хилээр хязгаарлагдахгүй тул хотуудын түншлэл, олон улсын хамтын ажиллагаа чухал байна. СОР17 нь сайн туршлагаас суралцах, бүс нутагт тулгарч буй сорилт, шийдлийг хуваалцах, хамтдаа шийдэх боломж юм. Улаанбаатар хот нь улсынхаа ДНБ-ий 70 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засаг, санхүүгийн том төв гэдэг утгаараа хотуудын түншлэлд ногоон эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж, бэлчээрийн доройтлыг багасгахад гол үүрэг гүйцэтгэх ёстой. СОР17-д дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын оновчтой шийдлүүд чухал байна.

Хотын дарга нар сайн туршлага, шинэ санаа, түншлэлийн загвараа хуваалцаж байнаТа бүхний сайн туршлагаас суралцаж, шинэ санаа, түншлэлийн загварыг харилцан ашигтай нэвтрүүлэхийг зорьж байна.

Улаанбаатар хот хотуудын түншлэл, ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтын системийг хамтын ажиллагааны гүүр болж манлайлах болно. Мөн хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал”, тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлнэ. Үүнд хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам байх болно. Энд өрнөх шинэ санаа, шийдэл нь урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болно гэж итгэж байна” хэмээв.

Дэлхийн хотуудын удирдлага, олон улсын болон эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түнш, санхүүгийн институц, хувийн хэвшлийн төлөөллүүд дээд түвшний бодлогын хэлэлцүүлэг, шинжлэх ухаан, технологийн солилцоо, хотуудын туршлагыг хуваалцана. Энэ нь хотуудын түвшинд хэрэгжиж буй бодлого, сайн туршлага, технологи, инновац, байгальд суурилсан шийдлийг олон улсад түгээх, нутгийн захиргааны байгууллагын дуу хоолой, оролцоог UNCCD-гийн үйл явцтай холбох, хотуудын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх институц, санхүүгийн суурийг бий болгох ач холбогдолтой юм.

Хотын дарга нар сайн туршлага, шинэ санаа, түншлэлийн загвараа хуваалцаж байнаЦөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад “Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь 2050 он гэхэд хот, суурин газарт амьдрах төлөв бий. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил, байгаль орчны тогтвортой байдлын гол цэг болгож буй. Газрын тухайд ярихад тэнд амьдарч буй хүмүүсийг асуудлаас гадуур орхиж болохгүй. Хот суурин газрыг хөдөө орон нутгийн газраас ялгаж болохгүй, санхүүгийн нөөц бололцоог хэрхэн хүргэх, газар, усны зөв зохицуулалттай менежмент чухал юм. Эдгээр нь хоорондоо уялдаатай байх ёстой.Иймд бид газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх байдлын талаар ярилцаж, хамгийн сүүлийн өдөр бүх иргэдэд зориулсан, сөрөн тэсвэрлэх боломжтой эрүүл газрын талаар шийдвэрээ гаргана” гэдгийг тодотголоо.

Хотын дарга нар сайн туршлага, шинэ санаа, түншлэлийн загвараа хуваалцаж байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир цөлжилт, ган гачиг, газрын доройтол ихэвчлэн орон нутгийн асуудал гэдэг ч үр дагавар нь хүн амын шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол зэргээр дамжин иргэдийн амьдралд нөлөөлж, хот бол эрсдэлийг хүлээн авагч болдог тул СОР17-гоос дэлхийн түвшинд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хамгийн чухал хүмүүс нь хотын дарга нар гэдгийг онцлов. Тэрбээр дэлхий нийтийн манлайлалд хотын үүрэг маш чухал. Ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт, хот төлөвлөлтийн тухай хэлэлцэх нь хангалттай бус нэг хотод амжилттай хэрэгжсэн шийдлийг бусдад дэлгэрүүлэх нь зүйтэй. Бид дээрх асуудлыг шийдэхэд олон улсын болон санхүүгийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Хотын дарга нар сайн туршлага, шинэ санаа, түншлэлийн загвараа хуваалцаж байнаХБНГУ-ын Бонн хотын зөвлөлийн гишүүн, хотын орлогч дарга доктор Урсула Зауттер хотынхоо бэрхшээлийн талаар ярихдаа, “Бонн хот өнгөрсөн тавдугаар сараас эхлэн 35-40 градус хүрч хэт халж байна. Хотын барилга байшинг хэт халуунд тохируулж төлөвлөөгүй. Газрын хөрс элсэн цөл шиг болсон. Мод бут, шувуудад ч хэцүү байгаа. Усны түвшин урьд өмнө олон зууны турш хэзээ ч байгаагүйгээр багассан. Бусад улс орон ийм зовлон туулж байсныг анх удаа мэдэрсэн. Энэ утгаараа уулзалтад оролцож буйдаа талархаж байна. Мөнгөөр бүхнийг шийдэх боломжгүй. Хотод үйл ажиллагаа явуулж ашиг олдог байгууллагад биологийн төрөл зүйл, байгаль хамгаалах эрх олгосноос гадна Бонн хот хүндрэлээс гарахын тулд газар эзэмшигч ард иргэдээс санхүүжилт тусламж авч байгаагаа дурдсан юм.

Чуулга уулзалтад 33 улс, 24 хот, олон улсын 51, дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна.

Хотын дарга нар сайн туршлага, шинэ санаа, түншлэлийн загвараа хуваалцаж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн