Монголын баг Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад оролцож байна

Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиад (IESO 2026) энэ сарын 20-27-нд зохион байгуулж байна.

Энэ удаагийн олимпиадад Монгол Улсаас “Монгол тэмүүлэл” олон улсын сургуулийн сурагч Б.Бүрэнжаргал, “Монгол билиг оюун” олон улсын сургуулийн сурагч Б.Есүй-Үжин, Дорноговь аймгийн Сайншанд сумын сурагч Т.Ирмүүнжаргал, “Сэлбэ” олон улсын сургуулийн сурагч О.Анар нар оролцож байна.

Дэлхий судлал нь дэлхий гарагийн дотоод бүтэц, гадарга, агаар мандал, усан мандал болон орчлон ертөнц дэх байр суурийг цогцоор нь судалдаг нэгдмэл шинжлэх ухаан юм.

Олимпиадын хүрээнд оролцогчид геологи, геофизик, метеорологи, далай судлал, астрономи, хүрээлэн буй орчин судлалын чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорих бөгөөд нийт дөрвөн онолын шалгалт, дөрвөн лабораторийн ажил, таван цэгт геологийн хээрийн судалгаа хийхээс гадна Альпын мөстлөгийн хамтарсан судалгааны төсөл зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.

Монголын багийг МУИС-ийн профессор В.Батцэнгэл, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн нар ахлан ажиллаж байна.

Ийнхүү Монголын сурагчид дэлхий судлалын чиглэлээр мэдлэг, судалгааны арга зүй, практик ур чадвараа олон улсын түвшинд сорьж, дэлхийн шилдэг залуу судлаачидтай туршлага солилцох боломж бүрдэх юм.

Монголын баг Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад оролцож байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн