ОХУ-ын Башкортостан дахь газрын тосны үйлдвэр цохилтод өртжээ

Украины арми ОХУ-ын Башкортостан бүгд найрамдах улс дахь газрын тосны байгууламж болон орон сууцны барилгад дроноор цохилт өгчээ. Агаарын цохилтоос болж дор хаяж нэг хүн нас барсныг бүс нутгийн захирагч Радий Хабиров хэллээ.

Нийт зургаан дроноор довтолсноос дөрвийг нь агаарын довтолгооноос хамгаалах систем саатуулж чадсан аж. Нэг дрон нь бүс нутгийн нийслэл Уфа дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн засвар үйлчилгээтэй байгаа нэгжийг оножээ.

Хабиров мэдэгдэлдээ “Бид яг одоо гэмтлийг шалгаж байна. Урьдчилсан дүгнэлтээс харвал засвар үйлчилгээтэй байгаа нэгж цохилтод өртсөн байна. Унасан хэлтэрхийнээс болж хоолойнууд бага зэрэг гэмтчихсэн байсан, ер нь үргэлж тэгдэг. Ойрын хэд хоногтоо засчихна гэж бодож байна” гэжээ.

Өөр нэг дрон нь Уфа дахь орон сууцны барилгыг мөргөжээ. Үүнээс болж дээд давхрын цонхнууд хагарч, зогсоол дээр байгаа машинуудыг сүйтгэсэн байна.

Башкортостан бүгд найрамдах улс нь Украины хилээс 1000 орчим км зайд байдаг бөгөөд Оросын газрын тос боловсруулах салбарын хамгийн гол түшиц газар юм. Украин тус бүс нутаг дахь газрын тос болон эрчим хүчний дэд бүтцүүдэд удаа дараалан цохилт өгчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн